Их Долоогийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондон хотноо эхэллээ

Улс төр

Их Британийн нийслэл Лондон хотноо Их Долоогийн бүлгийн улс орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт ажлаа эхэлж байна. Энэ сарын 3-5-ны хооронд үргэлжлэх уулзалтад Их Долоогийн бүлгийн орнуудаас гадна Энэтхэг, Австрали, Өмнөд Африк, Өмнөд Солонгос улсууд, мөн АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид урилгаар оролцож байгаа юм.

Дэлхийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнуудын нийгэмлэг буюу Их Долоогийн бүлэгт Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц болон Япон зэрэг улс орнууд нэгддэг юм. Их Долоогийн бүлгийн улс орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондон хотноо өнөөдөр ажлаа эхэлж, цар тахлаас хойш анх удаа нүүр тулсан уулзалт явуулж байгаа юм. Уулзалтад оролцогсод Лондон хотноо биечлэн ирж, халдвар хамгааллын өндөржүүлсэн байдалд уулзалтаа нүүр тулан хийж байгаа юм. Лондоны уулзалтад түүнчлэн Их Долоогийн бүлгийн гадаад хэргийн сайд нараас гадна ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд комиссар Жозеп Боррель, Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, ӨАБНУ-ын албаны төлөөлөгчид, мөн АСЕАН-ы бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Лим Жок Хой нар оролцож байна.

Лондоны уулзалтаар талууд цар тахлын дараах дэлхийн улс орнуудын байр байдал, эдийн засгийн сөрөг нөлөө, цаашдын арга алхам, бодлого чиглэлийн талаар голчлон хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн уулзалтын хүрээнд болох сэдэвчилсэн уулзалтууд, чуулган, хэлэлцүүлгийн хүрээнд дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн хэлэлцэж, гарц шийдэл олохын тулд санал бодлоо хуваалцахаар төлөвлөжээ.