АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улсынхаа тусгай албадад хандан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон эсэхийг нягтлан шалгаж, дүгнэлт хийх тушаал зааварчилгаа өгчээ. Түүнчлэн Америкийн засгийн газрын байгууллагууд руу Оросын зүгээс кибер халдлага үйлдэгдсэн эсэхийг, мөн Оросын сөрөг хүчний нөлөө бүхий улс төрч Алексей Навальныйтай холбоотой хэргийн дагуух нөхцөл байдлыг судлах үүрэг даалгавар өгсөн байна.

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жен Псаки сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тэрээр мэдэгдэлдээ: -Хэдийгээр бид ОХУ-ын талтай улс орныхоо ашин сонирхолыг нийцүүлэн хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахыг зорьж байгаа ч нөгөөтэйгүүр манай хоёр орны дунд байгаа санал зөрөлдөөнтэй асуудлууд, Оросын талын дайсагнасан үйлдлийг тогтоон, хариуцлага хүлээлгэхийг хүсч байна гэжээ.

Энэ зорилгоор ерөнхийлөгч Байден улсынхаа холбогдох албадад үүрэг даалгавар өгч, СоларВиндсын эсрэг үйлдвэр кибер дайралт, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талын оролцоо нөлөө байсан эсэхийг, мөн Алексей Навальныйгийн эсрэг химийн зэвсэг ашиглан аминд нь хүрэхийг санаархсан эсэх болоод Афганистан дахь Америкийн цэргийн албан хаагчдын амийг хөнөөсөн талибын дайчдад шагнал урамшуулал олгосон эсэх олон асуултдаа хариулт авахаар зорьж байна гэдгийг тэмдэглэсэн байна.