УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр төв талбайд өлсгөлөн зарласан.  Тэрбээр Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлана гэсэн юм.
Тэгвэл түүнийг дэмжихээр ирсэн  иргэд  дунд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Энэ нь халдвартай хүний ойрын хавьтал болсон иргэн гэх мэдээлэл байна. Тиймээс төв талбайг хамгаалалтад авчээ. Бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлыг эмнэлгийн байгууллагын ажилтнууд тусгаарлан, авч явсан байна. Талбайн баруун талын шалган нэвтрүүлэх цэгээр гарсан иргэд гэрийн тусгаарлалтад долоо хонох юм. ХӨСҮТ-өөс дээрх иргэдийн хувийн мэдээллийн дагуу гэрээр нь очиж дахин PCR шинжилгээ авахаар болжээ.
Иргэдийн зүгээс хүн хоорондын зай барихгүй, сандралдан цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.