Энэтхэг Улсыг үндэсний хэмжээнд хатуу хөл хорио тогтоох шаардлагатай гэв

Үйл явдал

Дэлхийн улс орнууд коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж, цар тахалтай холбоотой нөхцөл байдал сайжрах төлөвтэй болж байна. Харин хамгийн олон хүн амтай Энэтхэг улсад нөхцөл байдал нэлээд хүнд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд Энэтхэг улсад хатуу хөл хорио тогтоохыг уриалж эхэллээ.

Статистик үзүүлэлтээс харахад Энэтхэг улсад 4-р сарын эхээр халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Гэсэн хэдий ч эрх баригчдын зүгээс хатуу хөл хорио тогтоохоос илүүтэйгээр хэсэгчилсэн байдлаар халдвараас хамгаалах дүрэм журмыг хэрэгжүүлж байгаа юм. Даваа гарагт Энэтхэг улсын хэмжээнд 366 мянган хүн халдвар авсан нь батлагдсан. Тус улсад 22 сая хүн халдвар авсан нь батлагдсан. Үүнээс гадна эдгээр тоон үзүүлэлтэд багтаагүй, халдвараар нас барах, халдвараар өвчлөх олон тохиолдол байгаа гэдгийг албаныхан хэлж байна.

Энэтхэг улсад нийт 246 мянган халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн хэмжээнд хамгийн дээд үзүүлэлт болж байгаа юм. Одоогоор Энэтхэгийн тал орчим хот мужууд өөрсдийн шийдвэрээр хөл хорио хязгаарлалт тогтоосон байгаа ч энэ нь үр дүн муутай байна. АНУ-ын харшил, халдварт өвчин судлалын төвийн дарга Антони Фаучигийн зүгээс Энэтхэг улс үндэстний хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоос нааш нөхцөл байдал сайжрах боломжгүй болоод байгааг анхааруулан мэдэгдэл хийсэн байна. Хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоох нь халдварын энэ хүнд нөхцлийг дарахад бараг л үр дүнгүй гэдгийг тэрбээр “ABC” телевизэд өгсөн ярилцлагатаа дурджээ. Үүнээс гадна дэлхийн бусад улс орнууд ч бас Энэтхэгийг хөл хорио тогтооход уриалах хэрэгтэй гэдгийг тэрбээр мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна.