ИХ БРИТАНИ УЛС ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЛОКДАУНААС ГАРАХ БОЛООГҮЙ БАЙНА

Үйл явдал

Их Британи улс цар тахлын халдварын улмаас тавьсан хөл хорио, локдауны дэглэмээ цуцлах хугацаагаа хойшлуулсаар байна. Их Британийн засгийн газар 6-р сарын 21-нээр цар тахлын хөл хориог цуцлахаар төлөвлөж байсан ч энэ хугацааг 7-р сарын 19 болгон сунгасан байна.

Энэ талаар Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Түүний мэдээлснээр хөл хорио, локдауны дэглэмийг цуцлахаас өмнө цар тахлын дэгдэлтийн голомтод ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, вирус судлаач эрдэмтэдтэй зөвшилцөн улс оронд нь дэгдээд байгаа коронавирусын Дельта вирус буюу Энэтхэг штаммын дэгдэлтийн талаар дүгнэлт хийж байж цуцлах эсэх асуудлыг шийдэх болно гэжээ. Борис Жонсоны мэдэгдсэнээр сүүлийн 7 хоногт цар тахлын халдварын тохиолдол 64%-иар нэмэгджээ. Түүнчлэн халдварын дэгдэлт өндөр байгаа газруудад халдварын тархалт буурахгүй байгаа учраас хөл хориог цуцлахаар яарах хэрэггүй. Англид өдөрт цар тахлын халдвараар эмнэлэгт хандаж байгаа, хэвтэж байгаа иргэдийн тоо 50%-иар өсч, Английн баруун хойд хэсэгт 61%-д хүрээд байна гэжээ.

Англид коронавирусний Дельта вирусын халдварын тоо буурахгүй байгаагаас хөл хориог цуцлах асуудал хойшлогдож болзошгүй байна. Тэгвэл энэ хооронд Британичууд хөл хорио цуцлагдах ёстой байсан 6-р сарын 21-ний өдрийг “Эрх чөлөөний өдөр” гэж нэрийдээд байжээ. Гэвч эрх чөлөөний өдөр хойшлогдох нь гарцаагүй болж байна.