ПУТИН, БАЙДЕН НАР ЖЕНЕВ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Улс төр

ОХУ-АНУ-ын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт Женев хотноо эхэлж байна. Женевийн дээд уулзалтад оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын тэргүүн Жо Байден нар Швейцарын нийслэлд хүрэлцэн ирлээ. 

Женев хотноо болж байгаа ОХУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Цагаан ордны тэргүүн Жо Байден Европын орнуудаар хийсэн дээд хэмжээний айлчлалаа өндөрлөөд хүрэлцэн иржээ. Байден Женевт ирэхээсээ өмнө Их Британид Их Долоо бүлгийн дээд уулзалтад оролцон, Брюссель хотноо НАТО болон ЕХ-ны дээд хэмжээний уулзалт хийгээд ирж байгаа юм.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хувьд Женевийн дээд уулзалт түүний сүүлийн жил хагасын хугацаанд хийж байгаа анхны гадаад айлчлал болжээ. Путин өнгөрсөн 2020 оны 1-р сард Иерусалимд айлчилж байсан ч цар тахлын дэгдэлтийн улмаас гадаад айлчлалаа зогсоон, видео-виртуал уулзалтын хэв маягт шилжсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хувьд тэрээр улс орноо тэргүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд АНУ-ын 4 үеийн төрийн тэргүүн нартай уулзан хэлэлцэж байжээ. Путин АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Билл Клинтон, бага Жорж Буш, Барак Обама, Дональд Трамп нартай нэгэн үед их улс төрд зүтгэн олон улсын тавцанд хамтран яриа хэлэлцээ хийж явжээ.