Нийслэлийн засаг захиргааны шинэ байранд дахин 140 ор дэлгэх боломжтой

Нийгэм

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж буй ажлын талаар тайлагнав. Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулын амбулаторийн үйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 6369 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 41.4 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй аж. Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүд Файзер вакцинд хамрагдахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг захиргааны шинэ байранд яаралтай тусламжийн түр төвийг байгуулсан. Эхний ээлжид 145 орыг тоноглон дэлгэсэн бөгөөд иргэдийг хүлээн авч, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. Түүнчлэн дахин 140 орыг доод давхарт нь дэлгэх боломжтой хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Нийслэлийн зам, замын байгууламжийн их засвар, нөхөөс, заадасны ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, гүүрийн байгууламж, нүхэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, хайс хашлагын засварын ажлыг тогтмол хийх, аюулгүй ажиллагааг хангах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тэгвэл нийт 20 гудамж, замд 289.000 метр урт ан цав, заадас засварлах ажил хийж гүйцэтгэн, төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Авто замын нүхэн эвдрэлийг асфальт-бетон хольцоор засварлах ажил 56 хувийн гүйцэтгэлтэй байна.