Улс орнууд Pegasus систем ашиглан сэтгүүлчдийг мөрдөж байжээ

Технологи-360

Израилийн NSO Группийн бүтээсэн Пегасус нэртэй тагнуулын программыг ашиглан 10-аад улс орон бусдын эсрэг, тэр дундаа хэвлэл мэдээллийнхний араас тагнан мөшгиж байсан хэрэг илэрчээ.

Энэ талаар Эмнести Интернэшнл болон Форбидден Сторийс хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Азербайжан, Казахстан зэрэг нийтдээ 10-аад улс орон бусдын эсрэг тагнуулын Пегасус программ ашиглан тагнан мөрдөх ажиллагаа явуулж байжээ. Тэр дундаа янз бүрийн улс орнуудын хэвлэл мэдээллийн ажилтнууд, тухайлбал The Washington Post, The Guardian, Гаарец, Аль Жазира зэрэг сонин сэтгүүлийн сэтгүүлчдийн араас удаан хугацаанд мөрдлөгө явуулж байсан нь илэрсэн байна.

Пегасус программын тусламжтайгаар бусдын хэрэглэж байгаа цахилгаан хэрэгсэл, үүрэн телефоны утас, компьютер зэргээс нь мэдээлэл авч, мэдээллийн санг устгах чадвартай гэнэ. Одоогоор энэхүү программын тусламжтай хичнээн хэмжээний хэрэгсэлд нэвтэрч, мэдээллийг устгасныг хэлэх аргагүй байгаа ч ойролцоогоор 50 мянга гэж нэрлэж байна.

Пегасус программыг идэвхтэй ашиглаж байсан улс орнуудын тоонд Азербайжан, Бахрейн, Унгар, Казахстан, Мексик, Саудын Араб зэрэг орнууд багтаж байна.