2032 оны зуны олимп Австралийн Брисбен хотод болно

Спорт

“Токио-2020” Зуны 32 дахь удаагийн Олимпийн наадмын нээлтийн өмнө ОУОХ, Токио хотноо 138 дахь удаагийн ээлжит чуулганаа амжилттай зохион байгууллаа. ОУОХ-ны ээлжит чуулганы үеэр ирэх 2032 онд болох Зуны Олимпийн наадмыг хүлээн авч, зохион байгуулах улс орон, хотыг сонгон шалгаруулж нэрлэлээ... Улмаар ОУОХ-ны шийдвэрээр ирэх 2032 оны Олимпийн наадмыг Австралийн Брисбен хотод зохион байгуулахаар сонгон шалгаруулж, шийдвэрлэсэн байна.

Австрали тивийн хувьд хүн төрөлхтөнийн спортын их наадмыг түүхэндээ 2 удаа хүлээн авч, зохион байгуулж байжээ. 1956 онд Австралийн Мельбурн хотноо Зуны 16 дахь удаагийн Олимпийн наадам, мөн 2000 онд Сиднейд Зуны 27 дахь удаагийн Олимпийн наадам тус тус болж байжээ. Тэгвэл Сиднейн Олимпийн наадмын дараа Австрали тив 2032 онд 3 дахь удаагаа Зуны 35 дахь Олимпийг Брисбен хотод зохион байгуулахаар сонгон шалгаруулалтад тэнцсэн байна.

Австралийн 3 дахь томоохон хот болох Брисбен нь Квинсленд мужийн төв, нийт 2,2 сая хүн амтай, ДНБ-ийн 9%-ийг эзлэдэг хот юм. Брисбен хоттой хамт Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Унгарын Будапешт, Катарын нийслэл Доха болон Германы Рурын хөндий буюу аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн Бохум, Дортмунд, Дуйсбургийн нэгдэл өрсөлдөж байжээ. Гэсэн ч эдгээр нэр дэвшсэн хотуудаас Австралийн Брисбен ялалт байгуулах нь бараг тодорхой болоод байжээ. Учир нь өнгөрсөн сард ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл Брисбен хотыг бараг өрсөлдөгчгүйгээр дэмжиж байгаагаа илэрхийлээд байсан юм.