“Токио-2020” олимпын наадам үзэгчгүй явагдаж байгаагаас учрах алдагдлыг тооцож байна

Үйл явдал

"Токио-2020" Олимпийн наадмыг зохион байгуулагч Япон орон хүн төрөлхтөний спортын их наадмыг цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилж явуулсан. Түүнчлэн цар тахлын улмаас энэ удаагийн зуны Олимпийн наадам үзэгчгүй болж байгаа юм. Эндээс үүдээд Олимпийн наадмын зохион байгуулагч тал их хэмжээний алдагдал хүлээж болзошгүй байна. 

Токиогийн Олимпийн наадам үзэгчгүй явагдаж байгаагаас шалтгаалан зохион байгуулагч тал үзэгч, хөгжөөн дэмжигчдэд зарах тасалбарын үнэ болох 400 сая доллараа алджээ. Түүнчлэн цар тахлын улмаас Японд гадны иргэдийг нэвтрүүлэхгүй, мөн ажил албаар ирсэн цөөн хүмүүсийн хөдөлгөөн хориотой байгаа зэргээс шалтгаалан мөн Олимпийн орлого багасчээ. Үүнээс гадна Япончууд мөн цар тахлаас шалтгаалан Олимпийн наадамд төдийлөн ач холбогдол өгөхгүй, хориг тавьж байгаагаас шалтгаалаад дотоодын ашиг орлого ч буурчээ.

Токиогийн Олимп Японы эдийн засагт дэмжлэг, ашиг орлого, нэр хүнд авчирна гэж тооцоолж байсан ч цар тахлаас шалтгаалан эсрэгээр дарамт учруулж, хүндхэн нөхцөл байдал үүсгээд байна. Токиогийн Олимп урьд урьдны Олимпийн наадмаас эрс ялгаатай, хөл хөдөлгөөн, ашиг орлого багатай байгаа юм. Олимпийн наадмын үеэр ажиллах ёстой байсан ресторан, зочид буудал, аялал жуулчлалын газрууд мөн дагаад ашиг орлогогүй хоцорчээ.