НҮБ: Афганистан дахь нөхцөл байдал хүндэрч байна

Улс төр

НҮБ, Афганистан дахь өнөөгийн нөхцөл байдалд санаа зовинож байна. Энэ улсаас олон улсын энхийг сахиулах хүчнийг гаргасны дараагаар дотоодын нөхцөл байдал тогтворгүйтэж, Талибаны бүлэглэл байрлалаа ахиулан, дотоодын эмх замбараагүй байдал үүсгээд байгаа юм.

Тэгвэл НҮБ-ын мэдээлж байгаагаар өнгөрсөн 5-р сард олон улсын энхийг сахиулагчид Афганистаныг орхин гарч эхэлснээс хойш энэ улсад халдлага хүчирхийлэл гаарч, энгийн номхон иргэд амиа алдах явдал ихэсчээ.

Талибаны бүлэглэл өөрийн байрлалаа ахиулан урагшилсаар байгаа юм. НҮБ-ын Афганистан дахь Хүний эрхийн асуудал хариуцсан албаны тэргүүн Фиона Фрейзерын тэмдэглэн хэлснээр энэ улсад энхтайван, тогтвортой байдал тогтох эсэх нь Афганчуудаас, өөрсдөөс нь шалтгаалж байна. Өнөөдөр Афганистаны иргэд өөр хоорондоо талцан байлдсаар, тулалдсаар байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Афганистанд элдэв халдлага дайралт, дотоодын үймээн самууны улмаас 5 мянган энгийн номхон иргэн амиа алдаад байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амиа алдагсдын тоо 50%-иар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.