Чехэд зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдлөө

Үйл явдал

Чехэд зорчигч тээврийн хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдсөн золгүй осол болжээ. Осол Чехийн баруун хэсэгт болж, галт тэрэгний машинистууд нь амиа алдсан байна.

Ослын улмаас хэдэн арван хүн гэмтэж бэртэн, 5 хүн хүнд байдалтайгаар ойролцоох эмнэлэгт хүргэгджээ. Осол Чехийн Домажлице хотын дэргэдэх Милавче суурингийн ойролцоо болсон байна. Чехийн Пльзен хотоос Германы Мюнхен хотыг чиглэж явсан галт тэрэг семафорын хориглосон тэмдгийг анзааралгүй төмөр замын эсрэг урсгал руу орсноос өөдөөсөө ирж явсан галт тэрэгтэй мөргөлдсөн байна.

Шинжээчид ослын шалтгааныг галт тэрэгний машинистын анхаарал болгоомжгүй байдлаас гарсан гэж тогтоожээ. Ослын газарт аврагчид болон түргэн тусламжийн багийнхан ирж гэмтэж бэртсэн хүмүүст туслан, хүнд гэмтсэн хүмүүсийг түргэн тусламжийн нисдэг тэргээр ойролцоох эмнэлэг рүү хүргэсэн байна.