ДЭМБ, улс орнуудыг вакцинаа хуваалцахад уриалж байна

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ, улс орнуудад хандан хүн амаа вакцинжуулах ажлаа эрчимжүүлэхэд уриалж байна. Ингэхдээ зорилтот хүн амаа вакцинд хамруулаад байгаа эдийн засаг өндөр хөгжсөн улс орнуудыг бусад дархлаажуулалт хангалтгүй, удаашралтай явагдаж байгаа улс орнуудад тусалж дэмжихэд уриалжээ.

ДЭМБ-аас гаргасан уриалгад вакцины хоёр тунг зорилтот бүлэгтээ хийж, 3 дахь тунгийн талаар ярьж эхэлсэн улс орнуудыг ирэх 9-р сарыг дуустал вакцинжуулалтаа түр зогсоож, бусад улс орнуудад дархлаажуулалтаа явуулах боломж олгохыг хүсчээ. Вакцин үйлдвэрлэгчид захиалгаа цаг хугацаанд нь амжуулахын тулд ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа, дээр нь чадалтай, томоохон улс орнууд вакциныг эрчимтэй худалдан авч байгаагаас бусад ядуу буурай, эдийн засаг дорой улс орнуудын боломжийг хаагдуулж байгааг ДЭМБ тэмдэглэж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар одоо үйлдвэрлэж байгаа вакциныг нэн түрүүнд ядуу буурай орнуудад хуваарилах нь зүйтэй. Ийм аргаар ирэх 9-р сарын сүүлч гэхэд дэлхийн нийт хүн амын 10%-ийг вакцинд хамруулах нэгдсэн зорилгодоо хүрнэ гэдгийг тэмдэглэжээ.

Гэсэн ч ДЭМБ-ын уриалгыг Герман, Франц, Их Британи, Израиль зэрэг орнууд үл тоон иргэддээ 3 дахь тун вакцин ойрын хугацаанд хийж эхлэх талаараа мэдээлж байна. Өнөөдөр дэлхий даяар 4 тэрбум тун вакцин тариад байна. Ингэхдээ үүний бараг 80% нь хөгжингүй болоод дундаж улс орнуудад хийгджээ.