МУ-ын ЗГ-ын ээлжит хуралдаанаар КОВИД – 19 халдвартай холбоотой гурван шийдвэр гаргалаа.

Нэгд: УОК-оос гаргасан саналын дагуу улсын хэмжээнд тавигдсан байсан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар сунгах хугацааг нийслэл Улаанбаатар хотоос бусад 21 аймагт 2021 оны гуравдугаар сарын 31-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөрдөгдөж ирсэн дэглэм юм. 21 аймагт халдваргүй бүс болж байна. Зургаан аймаг, есөн суманд халдвар гараад байсан. Эдгээр аймаг сумдад халдвар гаралгүй 15-30 хоног болсон. тиймээс дээрх аймаг сумдыг эрүүл халдваргүй бүс болсон гэж УОК-ын дарга Я.Содбаатар онцоллоо. Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд долоо хоногийн өмнө тусгаарлалтад байсан нэг хүнээс  халдвар илэрсэн.

Хоёрт: 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс БНХАУ-тай хиллэх автозамын боомтуудаа түр хязгаарлаж эхэлсэн. Засгийн газрын шийдвэрээр 2021 оны гуравдугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд сунгалаа. Энэ хугацаанд тусгай үүргийн нислэг, ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Улаанбаатар хотоос бусад 21 аймагт өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш авч байсан гамшгаас хамгаалах зэрэглэл, дэглэм хэвийн мөрдөгдөнө.

Гуравт: Засгийн газрын хуралдаанаас хөрөнгө гаргах тухай асуудлыг шийдвэрлэсэн. Дотоодын халдварын улмаас тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдийн байр, хоолны зардалтай холбоотой, мэргэжлийн байгууллагын албан хаагчдын байр хоолны зардалтай холбоотой, олон нийтийн 212 цагдаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохтой холбоотой, ШӨХТГ-ын албан хаагчдын илүү цагийн хөлс, КОВИД-19 тархалтын үед хэрэглэсэн хамгаалах хувцас хэрэглэлийн зардал зэрэг тодорхой байгууллагаас ирсэн зардлын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж шаардлагатай зардалд гаргасан байна. Өнөөдөр 1.7 тэрбум төгрөгийг дахин гаргаж шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн гэж УОК-оос мэдээллээ.