Хятадын баруун хойд хэсэгт байрлах Ганьсу мужийн Байшуйцзян байгалийн дархан цаазат газарт байрлуулсан хяналтын камерт байгальд эрх дураараа амьдарч байгаа аварга том хоёр хулсны баавгайн дүрс бичигджээ. 

Камерт байгальд эрх дураараа зугаалж, хоорондоо ноололдон тоглон эрхлэх хоёр том хулсны баавгайн дүрс бичигджээ. Тэд хоорондоо хөөцөлдөн тоглохын зэрэгцээ эрхлэн наалдаж, бие биенээ үнсэн таалж байжээ. Хулсны баавгайнуудын хувьд өвлийн улиралд орооны цаг нь эхэлж, үрждэг байна.

Байшуйцзян дахь байгалийн дархан цаазат газарт нийтдээ 110-аад тооны хулсны баавгай эрх дураар амьдарч байгаа юм. Энд хулсны баавгайнд зориулан нийтдээ 1,800 гаруй кв/км газар нутгийг онгон зэрлэг байдлаар нь хадгалж, хамгаалалтын бүс болгон хянаж байгаа юм.