Нийгэм
ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Гэрэлт хөшөө" босгохоор болжээ. Хөшөөг Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь насаа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор байгуулахаар болсон байна.
Энэхүү ажлын хүрээнд уран бүтээлчдээс ирүүлсэн 13 хөшөөний загварыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулснаар МУЭ-ийн гишүүн зураач, барималч, МУСТА Ж.Дүүрэнтөгсийн бүтээл сонгогджээ.

"Хөшөөний ерөнхий харагдах байдал нь тэнгэр өөд цойлсон шонхор шувууны дүрс бүхий хананд Монгол Цагдаагийн ёсолгоо бүхий дүр байна. Энэ нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Монгол цагдаа үүргээ гүйцэтгэж яваад гэр орон, хань ижил, үр хүүхдүүд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээн, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлэх юм. Энэ хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг илтгэнэ" гэж ЦЕГ-аас мэдээллээ.