АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг танилцуулж, Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон улс төрчийг зарлан тунхаглах үйл явцын үеэр Капитолийн гүвээн дээр болсон үймээн самууныг дэлхий нийт анхааралтай ажигласан. Тэр дундаа ерөнхийлөгч Трампын засгийн газрын үед харилцаа нь илтэд муудсан ОХУ болон Хятад улсууд Америкт өрнөсөн үйл явцыг анхааралтай ажиглаж, болсон явдалд ихэд харамсч байгаагаа илэрхийлэн шүүмжлэлтэй ханджээ. 

Москва Америкийн нийслэл Вашингтон хот дахь Капитолийн ордон руу иргэд нь халдан дайрч, үймээн самуун дэгдсэн явдлыг шүүмжилсэн байна. Оросын Гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Мария Захарова Америкийн сонгуулийн системийг “хэт хуучирсан” гэж үзэж байгаагаа илэрхийлэн, энэхүү систем сонгуулийн санал хураалтын явцад олон тооны алдаа, зөрчил будлиан гаргахад нөлөөлж байна гэжээ.

Хятадын тал ч мөн Вашингтонд өрнөсөн үйл явдлыг анхааралтай ажиглан, мөн л шүүмжлэлтэй хандсан байна. Хятадын Гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Хуа Чуньин Капитолийн ордон руу дайрсан явдлыг Хонконг дахь эсэргүүцлийн ажиллагаатай зүйрлэжээ. Тэрээр Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Капитолийн гүвээн дээр болсон явдлыг “байж боломгүй” гэж хэлсэн, тэгвэл Хонконгод болсон энэ мэт эсэргүүцлийн ажиллагааг яагаад Америкийн тал дэмжиж байснаа тайлбарлах хэрэгтэй гэжээ.

Иран улс мөн АНУ-ын Конгрессын ордонд, Капитолийн гүвээн дээр болсон үйл явдлыг Цагаан ордны одоогийн тэргүүн Дональд Трампын буруутай үйл ажиллагаа, үг хэл, мэдэгдлээс улбаатай гэж үзэж байна. Ираны ерөнхийлөгч Хасан Роухани энэ талаар мэдэгдэж, Трампын хэт популист, амин хувиа бодсон үзэл санаа, үргэлж ялагч байх гэж тэмүүлсэн шуналын хүслээс болж ард иргэд, эх орон нь талцан хуваагдлаа гэжээ.