COVID-19 шинэ коронавирусний халдвар Ази тивийн улс орнуудад ч мөн дэгдсэн хэвээр байна. Улс орнууд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг хүн амдаа хийж эхлэн, тахлын дэгдэлтийг бууруулж, хумихаар зорин ажиллаж байна. 

Хятадын Хэбэй мужийн төв Шицзяжуан хотод сүүлийн нэг өдрийн дотор 50 халдварын тохиолдол илэрч, мөн шинж тэмдэггүй 67 тохиолдол бүртгэгджээ. Хотын эрх баригчид цар тахлын халдварыг дэгдээхгүйн тулд төмөр замын буудлаа хааж, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ. Түүнчлэн Хэбэй мужид сургуулиудыг хааж, оршин суугч ихтэй орон сууцны хорооллуудад хяналтыг өндөрсгөжээ.

Энэтхэгт сүүлийн 24 цагт коронавирусний халдвараар 20,346 хүн өвчилсөн байна. Нийтдээ цар тахал дэгдсэнээс хойш Энэтхэгт 10 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Энэтхэгийн Махараштра, Карнатака, Андхра-Прадеш, Тамилнад болон Керала мужуудад цар тахлын халдвар хамгийн өндөр байна.

Малайзад мөн Ази тивийн улс орнуудаас цар тахлын хамгийн олон тохиолдол илэрч байна. Энд сүүлийн нэг хоногт 2,593 тохиодол бүртгэгджээ. Малайзын Эрүүл мэндийн сайд Нут Хишам Абдулла цаашид коронавирусний халдвар хумигдахгүй бол карантин, хөл хорио тогтоож болзошгүй талаар мэдэгджээ. Гэхдээ хөл хорио тогтоохын энэ улсын аж үйлдвэрлэлийн холбоо дэмжихгүй байна. Учир нь хөл хорио, онц байдал тогтоосноор бизнес зогсч, тэртээ тэргүй цар тахлын улмаас хүнд байдалд байгаа үйлдвэрлэгчид ажилгүй, орлогогүй хоцорно гэж болгоомжилж байгаа юм.