Египтэд төмөр замын томоохон осол болжээ

Үйл явдал

Египтэд төмөр замын томоохон осол болжээ. Египтийн Эль Мансур хотоос нийслэл Каир хотыг чиглэж явсан зорчигч тээврийн галт тэрэг Тух суурингийн дэргэдүүр явж өнгөрөх үед замаас гарч осолдсон байна. Ослын улмаас цуваанд явсан 8 вагон эргэлдэн, замаас гарчээ

Зорчигч тээврийн галт тэрэг осолдсоноос орон нутгийн эрх баригчдынх мэдээлж байгаагаар 11 хүн газар дээрээ амиа алдаж, 98 хүн гэмтэж бэртжээ. Ослын газарт аврагчид очиж, гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэж байна. Гэмтсэн хүмүүсийн дотор биеийн байдал нь хүнд байгаа хүн олон байгаа учраас амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй талаар мэдээлжээ. Түүнчлэн осол болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.

Египтийн төмөр замын удирдах газрын мэдээлж байгаагаар галт тэрэг машинистын буруу үйл ажиллагаанаас болж осолдсон байж болох гэнэ. Учир нь галт тэрэг төмөр замын засварын ажил хийгдэж байсан хэсгээр зөвшөөрөгдсөн дээд хурд болох 30 км/цагийн хурдтай биш харин цагт 120 км-ийн хурдтай явж өнгөрөхдөө ийнхүү замаас гарч осолдсон байна. Египтэд болсон төмөр замын осол сүүлийн сард гарч байгаа хоёр дахь осол болжээ. Үүнээс өмнө 3-р сарын 26-нд Сохаг мужид зорчигч тээврийн хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдсөнөөс 19 хүн амиа алдаж, 200-аад хүн гэмтэл бэртэл авчээ.