НАСА Улаан гариг дээр нисэх төхөөрөмж амжилттай туршжээ

Технологи-360

Америкийн сансар судлалын НАСА агентлаг Улаан гариг дээрээс Ingenuity нэртэй сансрын нисэх төхөөрөмж буюу бичил нисдэг тэргийг хөөргөн туршжээ. Улаан гаригийн тоосонцорт гадаргуугаас хөөрсөн сансрын аппаратыг дэлхийгээс удирдан хөөргөсөн байна.

Нийтдээ 1,8 кг жинтэй Ingenuity сансрын аппаратыг дэлхийгээс удирдан хөөргөж, тодорхой зам туулсны дараагаар буцаан буулгажээ. Ingenuity аппаратад 1903 онд Америкийн Хойд Каролин дахь Китти-Хок хөндийд анхны нисэх төхөөрөмжөө хөөргөж, агаарын техникийн үндсийг тавьсан гэж тооцогддог ах дүү Райтын туршилтандаа ашиглаж байсан Wright Flyer –ын далавчны хэсгийг суурилуулсан юм. Тиймээс Марс гариг дээр нислэг хийсэн бичил нисдэг тэрэгний туршилт амжилттай болсныг ах дүү Райтыг эхлүүлсэн амжилттай эхлэлтэй дүйцүүлэн бахдаж байна. Ingenuity сансрын аппаратыг НАСА-гийн туршилтын багийнхан Улаан гаригаас 287 сая км-ийн алсаас, дэлхийгээс удирдсан юм. Сансрын аппаратын нислэг нийтдээ 40 секунд үргэлжилжээ. Нисэх төхөөрөмж хөрснөөс 3 метрийн өндөрт хөөрч, 30 секунд тогтон, улмаар  Perseverance марс гаригийн төхөөрөмж дээр эргэн ирж, хөөрсөн газраа эргээд амжилттай газарджээ. Энэ түүхэн мөчийг НАСА-ийн төслийн багийнхан 3 цагийн туршид хүлээж, нислэг амжилттай болсныг батлах баталгаа авч чадсаныг төслийг удирдагч Ми Ми Аунг ярьжээ. Түүний удирдсан баг энэ төсөл дээр 6 жилийн туршид ажиллаж, туршилтаа амжилттай гүйцэтгэсэн байна. Туршилт амжилттай болсноор ирээдүйд Улаан гариг дээр марс гаригийн дронуудыг хөөргөж, сансрын нисэгчдийн судалгаа шинжилгээний ажилд ихээхэн тус нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа НАСА мэдэгджээ.