Шанхайн олон улсын авто яармаг шинэ концепт машинуудыг танилцуулж байна

Технологи-360

Олон улсад нэр хүндтэй, дэлхийн томоохон авто яармагуудын нэг болох Шанхайн олон улсын авто яармаг үүд хаалгаа нээжээ. Auto Shanghai 2021 яармагт энэ жил автомашин үйлдвэрлэгч дэлхийд нэртэй компаниуд оролцож байна.

2021 оны Шанхайн олон улсын авто яармагт цахилгаан, электромобилууд хамгийн өргөн сонголттойгоор оролцож байна. Автомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй цахилгаан автомашинуудаа улам бүр боловсронгуй болгож, өмнө нь техникийн шийдэл үзүүлэлтэд илүү анхаарч байсан бол энэ удаад загвар дизайнд илүүтэй анхаарчээ. Японы Тойота компани цахилгаан хөдөлгүүртэй жип машин дэлгэн үзүүлжээ.

Түүнчлэн 2025 он гэхэд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зорьж байгаа цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй 20-иод концепт загвар танилцуулсан байна. Шанхайн олон улсын авто яармагийн үеэр Хятадын Байду компани автомат жолоодлогын шинэ систем бүтээснээ мөн толилуулжээ. Мөн Хятадын засгийн газар байгальд ээлтэй экологийн цэвэр автомашины үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа юм. Тиймээс Хятадад цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 10%-иар өсчээ.