Нью Дели хотод 6 хоногийн хатуу хөл хорио тогтоолоо

Ковид-19 /дэлхий/

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын эрх баригчид цар тахлын халдварын дэгдэлт огцом нэмэгдэж байгаагаас шалтгаалан 6 хоногийн хугацаагаар, энэ сарын 26-ныг хүртэл локдаун буюу хатуу хөл хорио тогтоожээ.

Нью Дели хотноо тогтоосон хатуу хөл хорионы үеэр даваа гарагаас эхлэн 6 хоногийн хугацаагаар үдшийн 22 цагаас өглөөний 5 цаг хүртэл хөл хорино. Түүнчлэн зөвхөн төрийн байгууллагууд, эмнэлэг, эмийн сан болон хүнсний дэлгүүрүүд ажиллана. Харин бусад газруудын үйл ажиллагааг түр хориглож, алсын зайнаас, гэрээсээ ажиллахыг үүрэгджээ. Нью Дели хотын эрх баригчид хатуу хөл хорионы дэглэмийг цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаатай холбон авчээ.

Нью Дели хотын тэргүүн Арвинд Кежривалын мэдэгдсэнээр сүүлийн 3-4 хоногт нийслэл хотод цар тахлын 25 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ.