Чад улсын ерөнхийлөгч тулааны бүсэд амиа алджээ

Үйл явдал

Чад улсын ерөнхийлөгч Идрис Деби дайн тулааны бүсэд хүнд шарх аван улмаар амь насаа алджээ. Тэрээр улсынхаа хойд хэсэгт Чадын арми болон босогчдын хоорондын тулааны үеэр толгойн тус газраа суманд оногдсон байна.

Идрис Дебиг тулааны бүсээс гарган, тэр даруй эмнэлэгт хүргэсэн хэдий ч тэрээр авсан шархаа даалгүй нас баржээ. Чад улсын ерөнхийлөгч байлдаан тулааны үеэр хүнд шархдаж, нас барсан тухай мэдээллийг энэ улсын армийн генерал Азем Бермандоа Агун орон нутгийн телевизээр батлан мэдээлжээ. Чадын тэргүүн таалал төгссөнтэй холбоотойгоор энэ улсын цэргийн түр зөвлөл байгуулагдаж, зөвлөлийг Идрис Дебигийн хүү Мухамат тэргүүлсэн байна.

Деби 1990 оны 12-р сараас хойш улс орноо тэргүүлжээ. Тэрээр өнгөрсөн 4-р сарын 11-нд 6 дахь удаагаа улсынхаа тэргүүнээр иргэдийнхээ 79%-ийн саналаар сонгогдсон байна. Чадын хойд хэсэгт Ливи дэх цэргийн баазаас “Чад дахь өөрчлөлт, эв нэгдлийн төлөөх фронт” нэртэй зэвсэгт бүлэглэлийнхэн дайралт хийж, улмаар нийслэл хот руу давшиж байгаа юм.