Япон улсад цар тахлын халдварын тохиолдол нэмэгдсээр байна

Үйл явдал

Японы засгийн газар цар тахалтай холбоотой онцгой байдлын журмаа чангатгаж, хөл хорионы дэглэмийг дахин нэвтрүүлж болзошгүй талаар мэдээлж байна. Японы нийслэл Токио болон Осака хотуудад сүүлийн хэд хоногт цар тахлын халдварын тохиолдол эргээд нэмэгджээ. 

Лхагва гарагт Осака мужид коронавирусний 1,242 шинэ тохиолдол бүртгэгджээ. Осака мужийн амбан захирагч Йошимура Хирофуми улсынхаа төв засгийн газарт хандан мужийнхаа баруун хэсэгт хөл хорио тогтоох арга хэмжээ авах зөвшөөрөл хүсчээ. Хэрвээ Осакад хөл хорио тогтоовол энэ нь цар тахлын дэгдэлтээс хойшхи 3 дахь удаагийн хөл хорио болох юм. Түүнчлэн Осакатай залгаа Хиого мужид мөн хэсэгчилсэн хөл хорио тогтоох шаардлагатай байгаа талаар орон нутгийн эрх баригчид нь мэдээлж байна.

Токио хотын захирагч Коике Юрико мөн улсынхаа төв засгийн газарт хандан цар тахлын дэгдэлт дахин эрчимжиж байгаагаас хөл хорио тогтоох зөвшөөрөл хүсэх бодолтой байна. Японы нийслэлд лхагва гарагт коронавирусний 800 шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийтдээ Япон орон даяар лхагва гарагийн байдлаар 5,200 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 3 сарын хугацаанд хоногт 5 мянгаас дээш халдварын тохиолдол илэрсэн анхны үзүүлэлт болжээ.