Оросын сөрөг хүчний нөлөө бүхий удирдагчдын нэг Алексей Навальный бусдад хорлогдон, улмаар удаан хугацааны туршид Герман улсад эмчлүүлсэн. Тэгвэл Берлин хотод эмчилгээгээ дуусгасны дараагаар Навальный эх орондоо эргэн ирсэн боловч түүнийг 1-р сарын 17-ны өдөр буюу энэ ням гарагт Москва хотын Шереметьевогийн олон улсын нисэх онгоцны буудалд газардахад нь баривчилжээ.

Алексей Навальный Москвагийн цагаар 20 цагт Внуково нисэх буудалд газардах ёстой байсан ч онгоцыг Шереметьево руу шилжүүлэн буулгасан байна. Онгоц газардсаны дараагаар Оросын тусгай албаныхан Алексей Навальный болон түүнтэй хамт явсан хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан байна. Баривчилсан шалтгаанаа Навальный 2020 оны 12-р сарын 29-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлагдаж байсан гэж тайлбарлажээ.  

Навальный 2020 оны 8-р сард Оросын Томск хотоос Москва хот руу буцах замдаа нисэх онгоцонд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн юм.  Түүнийг бусдад хорлогдсон гэж үзэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэн, улмаар 8 сарын 22-нд түүнийг Германы Берлин хотын эмнэлэг рүү шилжүүлэн эмчилж байжээ.