Хэвийн үед өдөрт 100-150 донор цусаа өгдөг байсан бол одоо 50-60 болж буурчээ

Эрүүл мэнд

ЦССҮТ-ийн хувьд 30 гаруй төрлийн цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнийг үндсэн гурван төрөлд ангилан авч үздэг байна. Тодруулбал, сийвэн, улаан эсийн бүтээгдэхүүн, ялтаст эсийн бүтээгдэхүүн гэсэн 3 төрөлд хуваагдаж байгаа юм. Үүнээс хамгийн бага хугацаанд хадгалдаг ялтаст эсийн хангамж багасч байгаагааг албаны хүн ярьж байна.

Нийслэл хот халдварын эрсдэлтэй бүсэд тооцогдож байгаа энэ үед цусаа хандивлахаар ирсэн иргэдээс тандалтын асуумж авч, эмчийн үзлэг хийж байгааг хэлж байна. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цусны донорууд ирж чадахгүй нөхцөл үүсч байгаа учир тэдэнд зориулан уриалга илгээх болжээ. Ингэж байж өдөрт 50-60 хүн ирж цус өгч байгаа гэж ЦССҮТ-ийн донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч  Ч. Тунгалаг хэлж байлаа. Тиймээс 17-60 насны 45кг-аас дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж үзэж байгаа иргэдийг цусаа бэлэглэхийг уриаллаа. Цусаа бэлэглэхээр ирж байгаа иргэд шингэн зүйл ахиу уух, сайн унтаж амарсан байх, өөх тостой хоол хүнс хэрэглээгүй байхыг мэргэжилтэн зөвлөж байна. Цар тахлын халдвар аваад эдгэрсэн иргэд эмчилгээ дуусснаас хойш 28 хоногийн дараа цусаа өгөх боломжтой гэсэн юм. Харин вакцин хийлгэсэн иргэд эхний тунгаа хийлгэснээс хойш 2 сарын дараа цусаа бэлэглэх боломжтой гэлээ.