ХЭҮК: Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой эрүүгийн тухай хуулийн зүйл, заалтыг сэргээх хэрэгтэй

Нийгэм

Сүүлийн жилүүдэд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой олон асуудал яригдах болсон. Гэвч иргэдийн хувьд ажлын байрны бэлгийн дарамтыг олон янзаар дүгнэж ойлгож байна. Тухайлбал, ажлын байран дээр +18 сэдвийн онигоо, хошигнол зэргийг бэлгийн дарамт гэж үзэхгүй гэж судалгаанд оролцогчдын 50 хувь нь дүгнэсэн  байна. 


Ажлын байрны бэлгийн дарамт удирдах албан тушаалтан болон хамтран ажиллагчаас нь хамгийн их ирдэг гэдгийг судалгаанд оролцогчид хэлсэн байна. Гэтэл бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүс нь эргээд хохирогчийг буруутгах хандлага гардаг гэдгийг тодотголоо. Тухайлбал, элэгсэг зан харилцаа, ил задгай хувцаслалт зэрэг нь бэлгийн дарамтад өртөх сэдэл болдог гэсэн юм. Тиймээс хуулийг илүү чангатгах хэрэгтэйг санууллаа. Ингэхдээ эрүүгийн тухай хуулиас хассан зүйл заалтыг эргэн сэргээх хэрэгтэй гэлээ.   2020 оны 1 сараас эхлэн зөрчлийн тухай хуульд зааснаар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд 7-30 хоног саатуулах эсхүл, 1 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг болсон юм. Тиймээс хуулийг илүү чангатгаж хохирогчийг хамгаалах асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг ХЭҮК-оос мэдэгдлээ.