Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Р.АЗЕВЕДОТОЙ УУЛЗЛАА

  С.Золбоо 2018-10-23 242

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын холбооны улсын Женев хот дахь Дэлхийн худалдааны байгууллагад өчигдөр зочилж, тус байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведотой уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн, 20 гаруй жил гишүүн нь байгааг дурдаж, энэ салбарын хөгжлийг хэрхэн үзэж байгаа талаар ноён Р.Азеведотой санал солилцож  ярилцав.

Мөн дэлхийн эдийн засгийн байдал улс орнуудын дунд үүсээд буй худалдааны зөрчлийн талаар ярилцаж, энэ үед Монгол Улс худалдаа, эдийн засгийн салбартаа ямар бодлого баримтлах талаар санал солилцож, Монгол Улс олон талт худалдааны механизмыг бэхжүүлэх чиглэлийг цаашид ч баримтлахыг нотлов.

Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведо Монгол Улс эдийн засаг, зах зээлээ төрөлжүүлэх нь чухал хэмээн уулзалтын үеэр онцолж, үүнээс дутахгүй хүний нөөц бэлтгэх нь чухал тул Монгол Улсаас өнгөрсөн жилд 150 гаруй төрийн алба хаагч Дэлхийн худалдааны байгууллагын урт, богино хугацааны сургалтуудад хамрагдсан талаар дурдсан юм. Мөн тэрбээр ирэх онд Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны явц, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэх хүсэлтээ анх 1991 онд гаргаж, улмаар 1997 оны нэгдүгээр сарын 29-нд тус байгууллагын гишүүнээр элссэн түүхтэй юм.

Энэ байгууллагын гишүүнээр элссэнээр манай улс бусад гишүүн оронтой нэн тааламжтай үндэстний нөхцлөөр худалдаа хийх боломжтой болж, шаардлагатай мэдээллээр чөлөөтэй хангагдах, хоёр талын худалдаанд тулгарч буй асуудалд олон талт механизмыг ашиглах, байгууллагын техникийн туслалцааг авах боломж нээгдсэн байна.

Манай улс тус байгууллагын гишүүнээр элссэнээс хойшх хугацаанд гадаад худалдааны хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч, гадаад худалдаа, түүнтэй холбоотой 30 гаруй хуулийг шинээр болон нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шинэчилсний зэрэгцээ үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд худалдаа, бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдүүлэх, элдэв шат дамжлагыг цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авсан байна.

Мөн манай улсад дамжин өнгөрөх тээвэр чухал ач холбогдолтой байдаг тул худалдааг хөнгөвчлөх асуудалд онцгой анхаарч, энэ асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна.

Ингээд хэлэлцээрийн үр дүнд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бий болж, хэлэлцээрт манай улс 2016 оны арваннэгдүгээр сард нэгдэн орсон юм. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулан ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө