Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөнд оролцож, үг хэлэв

  С.Золбоо 2019-05-17 529

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, уригдан ирсэн нийт зочид төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улс маань зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших хугацаанд эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд олон чухал өөрчлөлтүүд гарчээ. Ирж буй 15 жилд ч мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа техник технологийн хөгжил дэвшил, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн өөрчлөлтөөс хамаарч, ажиллах хүчний бүтцэд ихээхэн өөрчлөлтүүд гарах талаар эрдэмтэн мэргэд тодорхой статистик ярьж байна.

Жишээ нь, хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болгох хэрэгцээ байгаа боловч технологийн дэвшил хүний хөдөлмөрийг бүрэн орлох чиглэлд давшингуй амжилт олж байгаа нь ажиллах хүчний бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлага бий болгосон юм байна.

Харин бидний хувьд хүн амын гуравны нэгээс дээш хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байсан байдал өөрчлөгдөж, 2025 онд 25 хувь болж буурах бөгөөд хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ.

Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна.

Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Тиймээс энэ байдалдаа дүн, шинжилгээ хийж, тодорхой бүтээлч ажил хийх хэрэгтэй. Ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй.

Өнөөдөр БНСУ-руу ажиллахаар явж байгаа манай улсын иргэдийн тоо 45-50 мянгад хүрсэн. Одоо АНУ, Япон руу ажиллах хүч илгээх гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Эрүүл саруул, идэр залуу, юм хийж бүтээх насныхан маань гарч явсаар байгаа энэ урсгалыг бид зогсоох ёстой. Урд хөршийн хил дагасан аймгуудаас мал маллахаар малчид хил давж эхэллээ. Бид сайн сайхнаа ярьж байгаа ч саараа ярьж байж л урагшилна. Ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой. Гадагш ажиллахаар явж байгаа залуус эх орондоо дургүй, ажил хийх хийхгүй дургүй хүмүүс биш юм. Ажил олдохгүй, хөдөлмөрийн хөлс санасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул хөдөлмөрөө үнэлүүлэх, гэр бүлдээ ахиухан орлого олох гэж хүний нутгийг зорьж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх.

Үүнээс улбаалсан сөрөг зүйлс олон байдаг. Үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, хүүхдийн хүмүүжил… гээд маш олон асуудал урган гардаг юм. Өнөөдөр 60 жилийн ойн хүрээнд зөвлөгөөнөө хийж сугаа шийдвэр гаргагчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсч байгаа учраас эдгээр зүйлсийг хэлж байна.

Монголын төр, Монголын Засгийн газар юм бол монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаараач ээ гэж дахин хүсмээр байна.

“Дэлхийн тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр-2030”-д тусгагдсан “Бүх нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох” зорилтод нийцсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, иргэдэд мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, хамгийн гол нь тэднийг ажилтай болгох, ажлын дадлага туршлагыг тасралтгүй дээшлүүлэн хөгжүүлэхэд сум, хорооны анхан шатны ажилтнаас эхлэн аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төрийн яамд Та бүхний хамтын ажиллагаа, хүчин чармайлт шийдвэрлэх үүрэгтэй юм шүү. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа та бүхэн зүрх сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр манай улсад дэлхийд байхгүй их хэмжээний их, дээд сургууль бий. Хонхны баяраа хийж байгаа оюутнуудын 60 хувь нь маргааш өдөр нь ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Тиймээс бид хөдөлмөр эрхэлдэг ажилчин ангийг бэлтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 мянган төгрөгийг суралцагчдад олгож, нөгөө талдаа томоохон, төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх хэрэгтэй.

Мөн 2018 оны 9-р сарын 4-ний өдөр Засгийн газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор чиглэл өгсөн. Чиглэлд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх юм бол хуульд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр 110 мянга орчим хүнийхээ асуудлыг цогц шийдэх боломжтой.

Ингээд Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дорвитой, хурдтай, зөв шийдвэрүүдийг зөвлөгөөнөөс гаргаасай гэж хүсэж байна.

Та бүхэнд баярлалаа. Ирээдүйдээ итгэлтэй олон сайхан залуус гарч ирээсэй хэмээн хүсэж байна” гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө