Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Биг Бен” цаг дөрвөн жил “дуугаа хураана”

  М.Даваадулам 2017-08-15 1523

Лондон хотын түүхэн дурсгалт газруудын нэг “Биг Бен” цамхаг дөрвөн жил “дуугаа хураах” нь. Тодруулбал, цамхагийн хонхыг засварлах гэж байна. Их Британийн Парламентын ордны цагтай цамхагийг сэргээн засварлах ажил 2021 онд дуусах гэнэ.

Энэ сарын 21-ний өдөр “Биг Бен” сүүлийн удаа дуугарч, дараа нь цагийг цамхагаас салгах юм байна. Цагийг болон цамхагийг аль алиныг нь засварлах гэнэ.

Биг Бен бол Их Британийн Парламентын ордон болох Вестминстерийн ордны цагтай цамхагийн албан бус нэршил. Цагийг нь “Биг Бен” гэж нэрлэдэг байснаар хожим цамхагийг энэ нэрээр нэрлэх болжээ. 2012 онд Хатан хаан 2-р Элизабетын хаан сэнтийд суусны 60 жилийн ойд зориулж, цагтай цамхагийг “Элизабетын цамхаг” гэх болсон байна.

Дөрвөн талдаа цагтай энэ цамхаг Лондон хотын алдарт бэлгэдлийн нэг. Британийн нийслэлд очсон гадны жуулчид энэ л барилгын өмнө хамгийн ихээр зураг авахуулдаг гэсэн сонирхолтой судалгаа ч байдаг байна.

Цамхаг 1859 онд ашиглалтад орж, цагийг нь 1859 оны 5-р сарын 31-нд буюу одоогоос 158 жилийн өмнө ажиллагаанд оруулжээ. “Биг Бен” Их Британийн таван хаан, 23 Ерөнхий сайд, мөн дэлхийн хоёр ч дайны “нүүр үзжээ”.

Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Лондон хот руу Германы зэвсэгт хүчин хоёр сар тасралтгүй бөмбөг хаяж байхад ч, “Биг Бен” хонх тасралтгүй дуугарч, цаг заажээ.

Сүүлд 2007 онд сэргээн засварлах ажлын үеэр богино хугацаагаар цагийг зогсоож байсан бол, өмнө нь 1983-1985 онуудад хоёр жилийн хугацаанд засварлажээ.

Ирэх дөрвөн жилийн хугацаанд “Биг Бен” цагийг бүрмөсөн зогсоохгүй юм байна. Шинэ жилийн үдэш зэрэг онцгой чухал тэмдэглэлт үйл явдлаар ажиллуулахгэнэ.

“Биг Бен” цамхаг:

  • “Биг Бен” хонх 13.7 тонн жинтэй,
  • “Элизабетын цамхаг” нь 96 метр өндөр,
  • Вестминстерын ордны их цаг нь хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигддэг /Мекка дахь Абраж-аль-Бейт, АНУ-ын Миннеаполис дахь сүмийн цагны дараагаар/,
  • Цагийн нүүр нь  7 метрийн диаметртай,
  • Цагийн зүү нь 4.2 болон 2.7 м урттай,
  • Дөрвөн тийш харсан цаг бүрийн доор латинаар “Бидний 1-р Виктория хатан хааныг бурхан ивээг” гэсэн бичиг байдаг байна.

Энэ удаад хийгдэж байгаа сэргээн босголтын ажлын дүнд цамхагт цахилгаан шат, шинэ ариун цэврийн өрөө, гал тогоо хийх гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан