Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Эх орны цэрэг-2018” яруу найргийн наадмын шилдэгүүд тодорлоо

  admin 2018-03-14 1678

“Мөнхийн хутагтай эх орон” шүлгээрээ яруу найрагч Ж.Гүнтэвсүрэн “Эх орны цэрэг-2018” яруу найргийн наадмын тэргүүн байрыг хүртэж, их бууны хонгион сүрлэг цомын эзэн боллоо.

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгатай хамтран энэ жил 26 дахь удаагаа зохион байгуулсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадамд олны танил яруу найрагчдаас гадна оюутан, хувиараа бизнес эрхлэгч, хугацаат цэргийн алба хаагч, мөн батлан хамгаалах, Зэвсэгт хүчний дундаас төрсөн шүлэг найргийн авьяастнууд бүхий 50 шахам хүн бүтээлээ ирүүлсэн байна. Найрагчид цэрэг, эх орны сэдэвтэй хоёроос дөрвөн бүтээл ирүүлсэн бөгөөд шүүгчид анхан шатны шалгаруулалтыг хийж, шилдэг 20 найрагчийг шигшиснээр өнөөдөр тэд үзэгчдийн өмнө бүтээлээрээ өрсөлдлөө. Энэхүү наадамд Дорноговь, Сүхбаатар, Төв зэрэг аймгуудаас найрагчид ирж оролцсон нь энэхүү уламжлалт наадмын цар хүрээг илтгэнэ.

Ингээд хорин найрагчаас гурван давааны дараа таван найрагч үлдэн шигшээ шүлгээ уншсанаар Ж.Гүнтэвсүрэн найрагч түрүүлж, Дорноговь аймгаас хүрэлцэн ирсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбат удаалж, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт Л.Батцэнгэл гутгаар байранд орлоо. Мөн дэд хурандаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч П.Батнайрамдал, Г.Ишхүү нар тусгай байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Өнгөрсөн жил хугацаат цэргийн алба хаагч түрүүлж, энэхүү наадмыг чимж байсан бөгөөд энэ жил цөөнгүй байлдагч, сонсогч шүлэг найргаараа өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний 015 дугаар ангиас Б.Мөнгөнбагана, 326 дугаар ангиас О.Оргилсайхан нарын хугацаат цэргийн алба хаагч байлдагчид ч шилдэг 20-д багтан, чамлахааргүй өрсөлдөж, үзэгчдийн алга ташилтаар шагнуулж, урам нэмлээ.

Монголын ардын армийн улс төрийн газар, Монголын зохиолчдын эвлэлийн хороо хамтран цэрэг, эх орны сэдвээр бичдэг уран бүтээлчдийн дунд 1989 оноос “Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлжээ.

Офицеруудын ордны тайзнаа байлдаанд оролцсон анги байгууллагын Жанжин туг заларч, Хүндэт харуулын цэргүүд жигдэрч, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуу дуурсдаг, түрүүлсэн найрагчдаа их бууны сумны хонгиогоор хийсэн цомоор мялаадаг уламжлалтай “Болор цом” наадамтай дүйхүйц цар хүрээтэй энэ наадамд оролцохоор найрагчид жил бүрийн гуравдугаар сарын энэ л өдрийг хүсэн хүлээдэг. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ардын уран зохиолч Д.Цоодол, Ардын уран зохиолч П.Бадарч нарын томчууд энэхүү наадмын түрүүг хүртээд ган сэлэм хүртэж байсандаа ихээхэн билэгшээдэг.

Дашрамд дурдахад, “Эх орны цэрэг” анхны наадмын түрүүг “Жанжин Дэмидийн тарьсан мод” шүлгээрээ яруу найрагч Д.Төрбат авч байжээ. Түүнээс хойш Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Цоодол, Л.Төрбат, Т.Очирхүү нарын утга зохиолын алдартнууд цэрэг, эх орны сэдэвт сайхан шүлгүүдээрээ үзэгч олныг уярааж, огшоож, талархлыг нь хүлээж байсан байна.

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble-н зураг.

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble-н зураг.

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble-н зураг.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө