Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Босгоны цаадах Хятадын "Хурд"

  Д.Доржмаа 2018-05-28 1034

БОСГОНЫ ЦААДАХ ХЯТАДЫН “ХУРД”

/Аян замын тэмдэглэл/

Дэлхийн эдийн засгийн голлон тоглогч Хятад орон ядуу ард иргэдгүй нийгмийг босгохын төлөө зүтгэж эхэлжээ. Энэ нь хоёр жилийн дараа хүрэхээр зурсан товлол. Харин 2030 он гэхэд Хятадын ард түмэн бүгд чинээлэг бөгөөд дундаж давхарга руу орсон байх ирээдүйг тээж, хэдийнээ цагийн зүү нь урагшилжээ. 

30 гаруй жилийн хугацаанд БНХАУ нийт 800 сая иргэнээ ядуугийн эгнээнээс хассан бөгөөд 2012 – 2017 онд 70 орчим сая иргэн дундаж давхарга руу “нүүсэн” гэнэ. Харин үлдсэн 30 сая хүнээ ядуу амьдралаас нь гаргахын тулд төрийн бодлого тууштай, хийгүй хөдөлсөөр байх аж.

Хятад улсын хувьд ядуу иргэд нь жилийн 2300 юанийн жилийн орлоготой, өдрийн зарлага нь 1.9 ам.доллараас илүүгүй байх нь ядуу тарчиг хэсэгтээ багтдаг байна. Харин идэх хоол, өмсөх хувцастай, өөрийн гэсэн орон гэртэй, эмнэлгийн тусламж түвэггүй авах боломжтой байх нь Хятад улсын тэргүүн бодлого болжээ.

30 жилийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэд “Ядуурлыг бууруулах  агентлаг” байгуулагдан, иргэдээ ядуу зүдүү амьдралаас салгахаар тав, таван жилийн шатлалт хугацаатай төлөвлөгөө боловсруулан ажилласан байна. Агентлагийн малгай дор төр, хувийн гэлтгүй бүх л салбар нь нэгдэж, их хүчээр зүтгэжээ. 40 орчим жилийн хугацаанд энэ улс нийт 800 сая иргэнээ ядуугийн эгнээнээс хассан бөгөөд 2012 – 2017 онд 70 орчим сая иргэн дундаж давхарга руу “нүүсэн” гэнэ. Харин үлдсэн 30 сая хүнээ ядуу амьдралаас нь гаргахын тулд төрийн бодлого тууштай, хийгүй хөдөлсөөр байх аж.

ЯДУУРЛЫН ЭСРЭГ КОММУНИСТ БОДЛОГОД “АЛИБАБА” ХҮЧ ХАВСРАВ

Төрийн зангараг, төлөвлөлт дор нь хувь хүнээс эхлээд дэлхийн хэмжээний групп, компаниуд бүгд гараа атган зүтгэх нь нэгдмэл, хүчтэй бодлогынх нь илэрхийлэл гэмээр. Хандалтаараа дэлхийг “базсан” Алибаба групп гэхэд хөдөө тосгонд газар тариалан, мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийн бүтээгдэхүүнийг интернет орчинд сурталчилж, үйлчлүүлэгчид эрүүл хүнсийг газар дээрээс нь илүү хямд өртгөөр худалдан авах боломжийг  бүрдүүлжээ. Мөн Алибаба групп жил бүр 10 тэрбум юанийг зөвхөн ядуурлыг бууруулах чиглэлд зарцуулж, иргэдэд бизнесийг нь дэмжин 500 мянга хүртэлх юанийн хөнгөлөлттэй, барьцаагүй зээл олгодог аж. Дэлхийн дөрөв дэх том технологийн компани Хятадын ядуурлыг бууруулах бодлогод гол суурь бааз болж байгааг тэд ийн “гайхуулав”.

Дэлхийн цементийн зах зээлийн 15 хувийг эзэлж буй CNBM буюу Хятадын үндэсний барилгын материалын үйлдвэр мөн л ядуурлын эсрэг бодлогод хүч түрж байна. Сүүлийн үеийн цементийн үйлдвэрийн шугамын 65 хувийг үйлдвэрлэж байгаа тус үйлдвэр хамгийн нимгэн шил, шилэн кабель, карбон утас үйлдвэрлэдэг аж.

ГАЗАР ОЛГОЛТ ЯДУУРЛААС ГАРГАХ ХӨШҮҮРЭГ НЬ БОЛЖЭЭ

2300 жилийн түүхтэй Сычуань мужийн төв Чэндү хот Хятадын бүс нутгийн санхүү, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, технологи, гадаад валют, тээвэр харилцаа холбооны нэгдсэн төв болон хөгжөөд байна. 2017 онд Сычуан мужийн эдийн засгийн нийт үзүүлэлт нь 3.8 их наяд юаньд хүрч, Хятад улсдаа зургаадугаарт эрэмбэлэгджээ.

Сычуань мужийн төвөөс сурвалжлах баг шуудхан Чин Гангшү тосгоны зүг хөдөлсөн нь 19 км-ийн замыг туулав. 5 жилийн өмнө л гэхэд ядуу зүдрүү тариаланч олонтой байсан энэ нутаг өдгөө хээнцэр, дэгжин тосгоны иргэд болон өнгөө засчээ. Гудамж талбайд нь орчин үеийн маягтай автобус, тэрэг хөлхөж, жуулчид хүлээн авахаар өөрсдийгөө гоодсон ард олон нь алхах аж.

5 жилийн өмнө л гэхэд ядуу зүдрүү тариаланч олонтой байсан энэ нутаг өдгөө хээнцэр, дэгжин тосгоны иргэд болон өнгөө засчээ. Гудамж талбайд нь орчин үеийн маягтай автобус, тэрэг хөлхөж, жуулчид хүлээн авахаар өөрсдийгөө гоодсон ард олон нь алхах аж.

Газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай талбайг иргэдэд засгаас олгосон нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж, тогтмол орлогын эх үүсвэртэй байх үүдийг нь нээжээ. 2.4 км квадрат газар нутагтай, 630 гаруй өрхийн  2560 хүнтэй тус тосгоныхон 2012 оноос “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлжээ. Нэг жилийн дотор тосгоныхоо бүтцийг өөрчлөн шинэчилж, аялал жуулчлал хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Таван жилийн өмнө эндэхийн нэг хүнд ногдох орлого жилд 14 мянган юань байсан бол, одоо 26 мянга болтлоо өссөн нь тосгоны орлогоос иргэд хувьцаа эзэмших гарц нээгдсэнтэй холбоотой гэв. Цаашид 40 мянга хүртэл өсгөх бодлогоор ажиллаж, 10 жилийн дараа гэхэд чинээлэг давхарга бий болно гэж тооцоолсон байна.

Тосгоны иргэд аялал жуулчлал, байраа түрээсэлсэн зардал, хоолны газар, нийтийн үйлчилгээ зэргээс орлого олох эх үүсвэр бүрдсэн бөгөөд онгон байгалиа хэвээр нь үлдээсэн давуу талаа ашиглаж жуулчдыг “соронздож” чаджээ. 2017 онд гэхэд нэг сая жуулчин тосгоныг зорьж, 45 сая юанийн ашиг хүртжээ. Энэ нутгийнхан хоолны урлаг, төрөл соёлоо ч хүчтэй сурталчилж чадсан нь аялал жуулчлал хөгжих том бааз суурь болж байна.

ХООЛНЫ СОЁЛ ИЛТГЭХ 330 ЖИЛИЙН ТҮҮХТ “ДУБАН БРЭНД”

1688 оноос эхлэн түүхээ бичиж буй Сычуань үндэсний хоолны “Дубан брэнд”. Үзэсгэлэнгийн танхимд орохоос аялал эхэлсэн нь гурван зууны түүхийг бичиж буй аархлаа тэд харуулах гэснийх биз ээ. Шаазан эдлэлээс эхлээд уламжлалт гар аргын технологиуд нь ч энд хадгалагдах аж.

БНХАУ-ын 34 муж хот болон дэлхийн 80 гаруй оронд “Дубан брэнд” гардаг  бөгөөд 1999 оноос албан ёсоор бүтээгдэхүүнээ экспортолжээ. Компанийн жилийн орлого 300 сая юаниар хэмжигдэх ч, брэндийн үнэлгээ нь 65 тэрбум юаньд хүрсэн байна. Брэндийн үнэлгээг доллараар лавласан сэтгүүлчийн асуултанд тэд дотоодын мөнгөн ханш /юань/-аар тооцож мэдээлэл өгөх нь содон байв. Нийт 450 ажилтантай энэ компани орчин үеийн технологи нэвтрүүлэхээсээ илүүтэй хуучин уламжлалт гар аргыг хадгалж үлдэхийг эрхэмлэдэг байна. Зэрэгцээ орчин үеийн машин техник ч хүч хавсардаг тухайгаа компанийн удирдлагууд танилцуулсан юм. Эсгэж, дарж, хатаах зэрэг шат дамжлагаар нийт 5-6 жилийн хугацааг үдэж байж хэрэглэгчид бүтээгдэхүүн очдог гээд компанийн онцлог давуу тал их байна.  Бүтээгдэхүүний нэг хэсэг болох дүпүний амтлагчийг Хятадын биет бус соёлын өвд бүртгэн авсан нь энэ компанийн бахархал болжээ.

ХӨДӨӨД ТАРИХ БОЛОВСРОЛЫН ҮР

Эх оронч үзлийг бага боловсролоос нь эзэмшүүлэх Хятад төрийн бодлого хүчирхэг аж. Ганцхан жишээ ишлэхэд, Чендү хотын Шиши дунд сургуулийн нэгэн төгсөгч Америкт боловсрол эзэмшиж, өндөр боловсрол эзэмшин, эд баялаг хураасны эцэст бүх эд хөрөнгөө сургуульдаа хандивлаж, номын сан байгуулан өгснөөс харж болохоор. Түүний араас энэ мэт “атаархал” төрүүлэм олон жишээг өгүүлж байлаа. Чендү хотын Шиши дунд сургууль 2159 жилийн түүхтэй. Хятадын ннженерийн шинжлэх ухааны академийн академич, Сансар судлалын академич, Атомын бөмбөг судлаач эрдэмтэн, Хятадын хамгийн анхны Калиграфичдын холбооны тэргүүн гээд дэлхийн чансааны төгсөгчид эднийх гэнэ. Сургуулийн хаалганд суурилуулсан хаяг нь 200 жилийн өмнөх Чин гүрний үеийн боловсролын сайдын гар бичмэл байхаас эхлээд алхам тутам түүхээрээ аархах тэдэнд бяцхан атаархал төрж байлаа.

Харин одоо энэ сургууль хөдөө тосгоны ядуу хүүхдүүдэд сургалтаа хүргэхээр ажиллаж, онлайн  хичээл явуулж эхэлжээ. Багшийн заасан хичээл 45 минутын дараа сургуулийн цахим хуудсанд байршдаг нь 35 мянган сурагчид өдөрт хүрэх болжээ. Үүний цаана багш нарын заах арга барил, чадварыг сургууль болон яамныхан хянах давхар бодлого хэрэгждэг бололтой. Багш нарын цалин дунджаар 13 мянган юань бөгөөд ур чадварын үзүүлэлт ихээхэн хамаарна гэдгийг онцолж байна. Хятад гүрэн ядуурлаас гарах бодлогын суурь хүч нь боловсролын салбар байхаар онилжээ.

ХАЛАМЖААР ТЭТГЭХ БУС ИРГЭДЭЭ ХӨГЖҮҮЛЖ, ТЭТГЭХ БОДЛОГО

Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт байрлах Лиан Шан Жүын тосгонд И үндэстнүүд амьдардаг нь 52 хувь буюу 2.70 сая иргэн байна. Ядуу буурайгаараа хол хаягдсан энэ үндэстний хөгжилд Хятад улс анхаарч, дэд бүтэц бүхий байр сууцаар хангажээ.

73 настай нэгэн буурал гурван үеэрээ тус тосгонд амьдрахдаа ийм хотхон байтугай сууцанд ч амьдарч яваагүйгээ хуучилсан. Нийт 73 өрхийн 296 хүн шинэ байр сууцанд төвхнөжээ. Тосгоны иргэдийн амьжиргаа нь газар тариалан болон эмийн ургамлын тариалалт бөгөөд иргэдийн ашиг орлого өссөн үзүүлэлтийг хэлж байв.

И үндэстнүүдийг Хүннү гүрний үеийн удамтай хэмээн тодотгох нь аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх алсын хараа нь байх “хардлага” төрөв. Чанасан мах, үндэсний дээл хувцасаар жигдрэн зочдоо угтах зочломтгой монгол зан эндээс ханхийж байлаа.

Хятадын дарга Си Зиньпин хамгийн их ядууралтай байгаа 23 мужийн дарга болон Коммунист намын түр хороотой ядуурлыг бууруулах гэрээ байгуулжээ. Ядууралтай бүс нутгийг нарийвчлан тогтоож, тухайн бүс нутгийн давуу тал, онцлогт нь тулгуурласан эдийн засгийг тэтгэх, хүн ардын орлогыг нэмэх, ядуурлыг бууруулах тусгай бодлогыг хэрэгжүүлж байгаа аж. Мөн Хятад улс ядуу амьдарч байгаа иргэдэд сар бүр бэлэн мөнгөний тэтгэмж олгохыг илүүд үздэггүй юм байна. Халамжийн хавтгайруулсан тэтгэмж олгохоос илүү ядууралтай онцгой бүсүүдийг тогтоож, түүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, жишиг болгожээ.Өнөөдрийн байдлаар Хятадын төрөөс хоёр хэлбэрийн халамж олгодог байна. Нэгд, тухайн муж,  тосгонд тогтоосон өрхийн орлогын баталгаажсан төвшингөөс доогуур орлоготой байгаа өрхөд үлдэгдлийг нь нөхөн олгох тэтгэмжийг сар бүр олгодог. Тодруулбал, тухайн тосгоны баталгаажсан орлого 3000 юань бол сарын 2000 юанийн орлоготой өрхөд сард 1000 юанийг нэмж, тэтгэмж хэлбэрээр олгодог байна. Энэ төрлийн тэтгэмжийг сард ойролцоогоор 50 сая иргэнд олгодог аж. Түүнчлэн 2011 оноос хойш 60-аас дээш насны тэтгэврийн насны ард иргэдэд сар бүр 80 юанийн тэтгэмжийг тэтгэвэр дээр нь нэмж олгодог болсон байна.

Хятад гүрний ядуурлыг бууруулах аяллын онгоцонд боловсролоор тэргүүлсэн бүхий л салбар жин тэнцүү дарж, Си Жинпиний амбиц 2030 оныг хурдтай зүглэжээ. 

СЭТГҮҮЛЧ Д.ДОРЖМАА

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан