Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шинэ техник технологи ба үр ашиг зөвлөгөөн энэ сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа

  Ш.Бат-Эрдэнэ 2018-05-28 1217

       Манай улсын нийт эрчим хүчний нэгдсэн системийн суурилагдсан хүчин чадал 1296.3 мегаватт. Нийт хэрэглээний 80 хувийг дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэдэг бол 20 хувийг импортоор хангаж байна. Дотоодын үйлдвэрлэлийн 5.445 сая кВт.ц эрчим хүчийг Дулааны цахилгаан станцаас, 79.7  сая кВт.ц эрчим хүчийг усан цахилгаан станцаар, 157.6 сая кВт.ц эрчим хүчийг нар салхины эх үүсвэрээс, 3.6 сая кВт.ц эрчим хүчийг дизель станцаас тус тус хангаж байна. Бид энэ байдлыг өөрчилж 2023 он гэхэд 100 хувь дотоодоосоо хангадаг болох цаашид экспортонд гаргах зорилтыг дэвшүүлээд байгаа. Ингэхийн тулд цахилгаан түгээх сүлжээнүүдийнхээ техник технологийн  дэвшлийг дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай юм. Ингэснээр эрчим хүчний алдагдал буурах зэрэг олон давуу талтай. Эрчим хүчний салбарт технологийн шинэчлэл сүүлийн жилүүдэд орхигдсоор ирсэн ч энэ онд томоохон хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ.  Тухайлбал түгээх сүлжээний алдагдлыг бууруулах үүднээс Дэлхийн банкны төсөл манай улсад амжилттай хэрэгжиж байсан. Энэ төслийн үргэлжлэл энэ онд хийгдэнэ.

Эрчим хүчний алдагдал 2000 онд 30 орчим хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 14 хувьтай байна. Энэ тоог 6-8 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлж байгаа. Гол нь дэлхийн хөгжлөөс бид хоцрохгүй байж, эрчим хүчний салбарт техник технологийн шинэчлэлийг хийж байх шаардлагатай. Тэгвэл дээрх асуудлын хүрээнд эрчим хүчний салбарынхан уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Шинэ техник, технологи ба үр ашиг зөвлөгөөн энэ сарын 25-26-ны өдрүүдэд  Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан. Зөвлөгөөнөөр техник технологийн хүрээнд нэвтрүүлж байгаа сайн туршлагаасаа өөр хоорондоо хуваалцаж, эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа тодорхойлсон юм. Энэ удаагийн зөвлөгөөнийг эрчим хүчний зохицуулах хорооноос гадна Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани хамтран зохион байгуулж байгаа. Тус компанийн хувьд хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангахын тулд техник технологийн шинэчлэлийг жил бүр хийдэг. Тодруулбал өнгөрсөн нийт 8.5 тэрбум төгрөгийг засвар шинэчлэлийн ажилд зарцуулжээ.  Дэлхийн хөгжил ухаалаг системрүү чиглэж байгаа энэ үед бид ч хамт урагшилж байх ёстой.  Энэ ч үүднээс зөвлөгөөнд оролцож байгаа төлөөллүүд шинээр нэвтрүүлсэн технологийн дэвшлүүдээ танилцуулсан. Тухайлбал монгол инженерийн ур ухаанаар бүтээгдсэн ухаалаг тоолуурын системийг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани танилцууллаа. Цахилгааны хэрэглээгээ гар утасны апп ашиглаж хянах, мөн гэрлийн байцаагчид заавал хэрэглэгчийн гэрт очиж цахилгааны төлбөр бичих шаардлагагүй зэрэг ухаалаг тоолуур олон талын давуу талтай. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн 29 мянга гаруй хэрэглэгч ухаалаг тоолуурын системд шилжсэн байна. Цаашид 100 хувь болгох зорилт тавин ажиллаж байна.

      Энэ удаагийн зөвлөгөөнд тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 гаруй байгууллагын 200 гаруй төлөөлөгчид оролцож байна. Эрчим хүчний салбарын төлөөллүүд нэг дор уулзаж тулгамдсан асуудлаа тодорхойлж байгаа үр дүнтэй арга хэмжээ болж байна гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа. Зөвлөгөөнөөс эрчим хүчний зохицуулах хороооны тогтоол шийдвэрийг дагаж мөрдөх,  хяналт шалгалтаар хийгдсэн зөрчлийг дутагдлуудыг арилгах, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг бий болгох, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зэрэг зөвлөмж гарсан. Цаашид санал санаачилгыг үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хэрэгжүүлж ажиллахыг дэмжиснээр энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөсөн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө