Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Пак Гын Хе дахин 8 жилийн хорих ял сонсов

  TV5 News 2018-07-20 3949

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хед дахин 8 жилийн хорих ял оноолоо. Сөүл хотын тойргийн шүүхэд ээлжит шүүх хурал болж, дахин эрүүгийн хоёр ч хэрэгт буруутай болохыг нь тогтоосон юм. Өмнө нь авлигын болон албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 24 жилийн хорих ял сонссон.

Ийнхүү Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч 32 жилийн хорих ял эдлэхээр болж байна.

 БНСУ-ын Үндэсний тагнуулын агентлагийн төсвөөс хувьдаа завшсан хэргээр 6 жилийн хорих ял, 3 сая ам.долларын мөнгөн торгууль Сөүлийн тойргийн шүүхээс оноолоо. Мөн Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа төрийн эрхийг баригч намаас сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн томилоход оролцож, улс төрөөс ангид байх заалтыг зөрчсөнийх нь төлөө 2 жилийн ял оноожээ.

Өмнөх шүүх хурлуудын адил өнөөдрийн шүүх хуралдаанд ч хатагтай Пак Гын Хе биечлэн оролцоогүй байна. Учир нь эдгээр хэрэг нь улс төрийн далд явуулга, шударга бус явдал хэмээж Пак Гын Хе шүүх хуралдааныг бойкотолж байгаа юм.

БНСУ-ын Прокурорын алба экс Ерөнхийлөгчид дахин 15 жилийн хорих ял оноохоор төлөвлөөд байжээ.

Пак Гын Хе нь шүүхээс ял сонссон Өмнөд Солонгосын гурав дахь Ерөнхийлөгч болсон. БНСУ-ын 11 дэх Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хэргийг жил тойрон шүүж, 24 жилийн хорих ял, 17 сая ам.долларын мөнгөн торгууль энэ оны 4-р сарын 6-ны өдөр шүүхээс оногдуулсан. Өмнөд Солонгос улс түүхэндээ анх удаа шүүхийн тогтоол танилцуулах үйл явцыг төв телевизээрээ шууд дамжуулан үзүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Мөн 1948 онд БНСУ байгуулагдсан цагаас хойшхи энэ улсын 12 Ерөнхийлөгчийн гурав нь ийнхүү шүүхээс ял сонссон.

Пак Гын Хед төрийн нууц задруулсан, авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг нийт 18 зүйл ангиар ял оноохоор Прокурорын байгууллага төлөвлөсөн. Эдгээрээс 16 хэрэгт буруутай болохыг Сөүл хотын төвийн дүүргийн шүүх тогтоож, 24 жилийн ял, 18 тэрбум вон буюу 17 сая ам.долларын мөнгөн торгууль оногдуулж байгаагаа 4-р сарын 6-нд танилцууллаа. Прокуророос тухайн үед 30 жил хорих ял, 111 сая ам.долларын мөнгөн торгууль төлөвлөөд байсан юм.

2016 онд 10-р сард БНСУ-ын улс төрийн томоохон хэрэг дэгдсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Гын Хе нь төрийн үйл хэргийг удирдан явуулахдаа дотны найз Чой Сүн Шилийн зөвлөгөөнд тулгуурладаг байсан гэх мэдээлэл ил болсноор, Өмнөд Солонгос улсад олныг хамарсан жагсаал дэгдэж, Ерөнхийлөгчөө огцрохыг ард иргэд шаардсан юм.

Чой Сүн Шил нь төрийн хэрэгт оролцож, Ерөнхийлөгчийн хэлэх үгийг хүртэл бичиж өгдөг байснаас гадна, төрийн тэргүүний нэрийг барин томоохон компаниудад дарамт үзүүлж, их хэмжээний мөнгө авсан болох нь тогтоогдсон юм.

БНСУ-ын Парламент Ерөнхийлөгчөө огцруулах санал хураалт явуулж, улмаар 2017 оны 1-р сард Пак Гын Хег огцруулсан. Тэр цагаас хэргийг шалгаж эхэлсэн юм. Чой Сүн Шилд энэ оны 2-р сард шүүхээс 20 жилийн хорих ял, 17 сая ам.долларын торгууль оногдуулсан. Пак Гын Хегийн нарийн бичгээр ажиллаж байсан Ан Жон Бомд 6 жилийн хорих ял, Lotte корпорацийн захиралд 2,5 жилийн хорих ял тус тус оноожээ. Нийт энэ хэрэгтэй холбогдуулан 30 хүнд ял оноосны дунд Samsung компанийн дэд Ерөнхийлөгч Ли Жэ Ён ч багтсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө