Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ, АНУ-ЫН ХОРИГИЙН ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХАА МЭДЭГДЛЭЭ

  TV5 News 2018-08-10 1004

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

 АНУ, ОХУ-ыг Их Британийн Солсбери хотод “новичок” гэх химийн бодис ашиглан бусдын аминд халдахыг завдсан хэрэгт буруутай, холбогдолтой гэж үзэн энэ сарын 22-ноос эхлэн Москвагийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн. Энэ талаарх мэдээллийг бид танд өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Москва Вашингтоны энэхүү шийдвэрийг улс оронд нь найрсаг бусаар хандаж, Хельсинкид өнгөрсөн сард болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеийн таатай харилцаанд сэв суулгасан алхам боллоо гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Америкийн Оросын эсрэг хоригийн талаар ОХУ-ын гадаад хэргийн яамнаас дараах байр суурь бүхий мэдэгдэл хийсэн байна.

 Оросын гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Мария Захарова Вашингтоны зүгээс Москвагийн эсрэг авч байгаа ээлжит хоригийн талаар мэдэгдэхдээ: -Олон улсын харилцаанд улс орнууд бие биенээ хүчээр далайлган сүрдүүлэх, мөн тухайн улс орны эрх ашгийг зөрчин хориг тавих мэтээр харилцах нь ямар ч сайн үр дүнд хүргэхгүй. Оросын тал Америкийн шийдвэрийн эсрэг зохих хариу арга хэмжээ авах болно. Вашингтоны тал аливаа асуудалд хүч түрэмгийлсэн, хааж боомилсон, хориг саад тавьсан бодлого, шийдвэрээр хандаж байгаа нь зохисгүй. АНУ-аас гаргасан сүүлийн шийдвэр нь Вашингтон Москватай харилцаагаа бэхжүүлэх, ойртуулах , сайжруулах хүсэл зорилгогүй байгаагийн илрэл гэж харж, дүгнэж байна... гэсэн юм.

Америкийн Төрийн Департаментаас гаргасан мэдэгдэлд АНУ, ирэх 8-р сарын 22-ноос эхлэн ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаа талаар мэдэгдэж, энэхүү хориг нь нэн тэргүүнд цэргийн зориулалт бүхий бараа таваар, техник технологид хамааралтай байх болно гэсэн юм. Түүнчлэн Вашингтоны тал ОХУ-ын эсрэг худалдааны болоод эдийн засгийн нэмэлт, өргөн хүрээг хамарсан хориг тавихаа ч үгүйсгээгүй юм.

АНУ-аас тавьж байгаа энэ удаагийн хориг нь Вашингтон Оросын талыг Их Британийн Солсбери хотод Оросын тагнуулын албаны ажилтан асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарын эсрэг химийн хортой бодис ашиглан, өөр орны нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж, улмаар ОХУ химийн болон биологийн зэр зэвсэг үл дэлгэрүүлэх, устгах талаарх олон улсын гэрээг зөрчсөнд буруутгасантай холбоотой юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан