Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эрс буурчээ

  Б.Оюун 2019-01-22 1068

Дэлхийн 2 дахь томоохон эдийн засаг бүхий улс гүрэн болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн нэг жилд бууж, нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ сүүлийн 30 жил дэх хамгийн доод үзүүлэлтдээ хүрчээ.

Эдийн засагчдын тооцоо судалгаагаар Хятадын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн 12 сарын туршид уналттай, бууралттай байж, ДНБ-ний үзүүлэлт 6,6%-тай бажээ. Ингэхдээ ДНБ-ий хэмжээ 13 их наяд доллараас давсан байна. Дэлхийн хүчирхэг эдийн засаг бүхий улс орны эдийн засгийн өсөлт, үзүүлэлт ийнхүү буурч байгаа явдлыг Хятадын Үндэсний статистикийн алба БНХАУ болон АНУ-ын хооронд дэгдсэн худалдааны дайнтай холбон тайлбарлаж байгаа юм.

Хятадын Үндэсний статистикийн албаны дарга Нин Цзижэ: -Хятад болон АНУ-ын хооронд өнгөрсөн онд үүссэн худалдааны тогтворгүй харилцаа, дисбаланс, худалдааны хориг арга хэмжээ зэргээс үүдэн улс орных нь төдийгүй мөн бусад улс орнуудын эдийн засагт сөрөг үр дагавар гарч, ашиг орлого бууран, эдийн засгийн үзүүлэлт доогуур хувьтай гарлаа. Бид энэ тал дээр тодорхой арга алхам авсны дүнд ахиц дэвшил ажиглагдаж байна. Эдийн засгийн хувьд Хятад болон АНУ-ын талууд цаашид сөргөлдөх биш харин хамтран ажилласан тохиолдолд аль алинд нь ашигтай байх болно. Худалдааны дайн өрнүүлж, бие биедээ хориг саад тавих нь хэнд ч ашиггүй гэдгийг ойлгож, цаашид хамтын ажиллагаагаа хэвийн байдалд оруулж, худалдаа эдийн засгийн харилцаагаа сэргээх нь чухал...гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.

Өнгөрсөн онд Хятад болон АНУ-ын хооронд худалдааны дайн дэгдсэн. АНУ, Хятадаас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний татварыг нэмж, нийтдээ 200 тэрбум ам.долларын бараанд 10%-ийн татвар ногдуулсан. Тэгвэл Бээжин Вашингтоны энэ алхмын хариуд мөн Америкаас импортолдог зарим нэрийн бараа бүтээгдэхүүнд сөргүүлэн хориг тавьж, татварын хэмжээг 5-10% болгон нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ Хятадын тал Америкийн импортоор оруулж ирдэг 60 тэрбум ам. долларын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд татварыг нь нэмжээ. Ийнхүү харилцан татвараа нэмэгдүүлж, худалдааны хориг тогтоосноор талууд аль аль нь алдагдал хүлээж, улмаар өнгөрсөн 12-р сард хоёр улсын төрийн тэргүүн нар 3 сарын хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулж, худалдааны хоригоо түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын ДНБ-ий хэмжээ буурч, эдийн засгийн өсөлт буурсныг АНУ-тай хийсэн худалдааны дайны үр дагавар гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Трамп энэ талаар твиттер хуудсан дээрээ бичиж:

“Хятадын ДНБ-ий хэмжээ буурч, эдийн засгийн өсөлт саарсан нь АНУ-тай сөргөлдөж, худалдааны дайн дэгдээсэнтэй холбоотой. Хятад улсад 1990 оноос хойш анх удаа эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн онд буурсан үзүүлэлттэй гарсан нь энэ улсын худалдааны шударга бус өрсөлдөөн болон шинээр тогтоосон хууль журамтай нь холбоотой. Тиймээс Хятадын удирдлага бусдыг ялан дийлж, хууль бусаар худалдаа наймаа эрхлэх бодлогоосоо татгалзаж, худалдааны тэнцвэртэй шударга яриа хэлэлцээр явуулах цаг нь ирсэн” гэжээ.

Үнэхээр ч дэлхийн хүчирхэг эдийн засаг бүхий Хятад орны хувьд улиран өнгөрсөн 2018 онд эдийн засгийн өсөлт нь 1990 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь Хятадад дотоодын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ буурсан болон АНУ-ын дарамт шахалттай холбоотойгоор худалдаа эдийн засгийн хоригт автсантай холбоотой юм. Эдийн засгийн урьдчилсан дүн мэдээгээр 2018 онд Хятадын ДНБ-ий хэмжээ 90,09 их наяд юань буюу ойролцоогоор 13,28 их наяд ам. доллар байсан нь ДНБ-ийн өсөлт 6,6%-тай байсныг илтгэж байгаа юм. Ингэхдээ 2018 оны санхүүгийн эхний улиралд энэ үзүүлэлт 6,8%-тай, 2-р улиралд 6,7%, 3-р улиралд 6,5%, 4-р улиралд 6,4% гэхчлэн байнгын уналттай байсаар иржээ.

Улс орны эдийн засгийн байр байдлын талаар мэдээлэл хийсэн Хятадын Үндэсний статистикийн газрын дарга Нин Цзижэ хэдийгээр өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлт бууралттай, удаашралтай байсан ч Хятад улс урьдын адил дэлхийн хамгийн томоохон, хүчирхэг эдийн засаг хэвээр байгааг тэмдэглэж, АНУ-тай хийсэн худалдааны дайн үнэхээр улс орны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлснийг хүлээн зөвшөөрч, цаашид энэ нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө