Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Путин, Абэ нар Москвад уулзана

  Б.Оюун 2019-01-22 493

​ОХУ болон арлын Японы төр засгийн тэргүүлэгчид өнөөдөр манай хойд хөршийн нийслэл Москва хотноо уулзах гэж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзалтынхаа үеэр хоёр улсын энхийн яриа хэлэлцээр, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудал, түүнчлэн олон улсын анхаарлын төвд байгаа үйл явдлуудын талаар санал бодлоо солилцохоор төлөвлөж байгаа гэнэ.

Мэдээж хэрэг хэвлэл мэдээллийнхэн энэ уулзалтаас Путин болон Абэ нарыг хоёр улсын хооронд багагүй маргаан дэгдээж, харилцаанд саад учруулж байгаа асуудал болох Куриллын арлуудын газар нутгийн маргааныг тойрсон асуудлаар тодорхой зөвшилцөлд хүрнэ гэж харж байгаа юм.

Японы засгийн газрын тэргүүн ОХУ-д даваа гарагт  хүрэлцэн ирсэн ч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хийх албаны яриа хэлэлцээр өнөөдөр буюу мягмар гарагт эхэлж байгаа юм. Путин болон Абэ нарын хувьд энэ удаагийн уулзалт нь тэдний 25 дахь удаагийн нүүр тулсан уулзалт болж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна. Хамгийн сүүлд хоёр улсын тэргүүн нар Аргентинд болсон Их Хорийн бүлгийн дээд уулзалтаар нүүр тулан уулзаж байжээ.

Тэгвэл өнөөдөр Москва хотноо болох уулзалтаар талууд хоёр улсын улс төрийн, худалдаа-эдийн засгийн, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны талаар голчлон хэлэлцэж, энхийн гэрээ хэлцэл байгуулах асуудлаар тогтон ярилцахаар төлөвлөж байгааг Кремлийн ордноос мэдээлж байна.

Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр хоёр улсын төр засгийн тэргүүлэгчдийн уулзалт өргөтгөсөн болон нүүр тулсан форматаар явагдах гэнэ. Японы засгийн газрын тэргүүний ОХУ-д хийж байгаа ажлын айлчлалаас өмнө хоёр улсын гадаад хэргийн яамны түвшинд хэд хэдэн урьдчилсан яриа хэлэлцээрүүд, уулзалтууд хийгдсэн юм. Абэ Москваг зорихоосоо өмнө өгсөн ярилцлагадаа: -Би ОХУ-ын ерөнхийлөгчтэй манай хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулах асуудлыг ямар шатаар ахиулах боломж нөхцөл байгаа талаар тогтон хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ. Абэ болон Путин нар өнгөрсөн 11-р сарын дундуур Сингапурт болсон Зүүн-Азийн улс орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын хооронд 1956 оны 10-р сарын 19-нд байгуулсан Зөвлөлт болон Японы хоорондын хамтарсан тунхаг дээр үндэслэн энхийн гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг хөндөн, энэ дагуух яриа хэлэлцээрийг эрчимжүүлэхээр тогтсон юм.

Хоёр улсын хооронд 1956 онд байгуулсан хамтарсан тунхагт Зөвлөлт Орос болон Япон улсууд дайны байдалтай байсныг зогсоож, хоёр улсын хооронд дипломат болон консулын харилцаа холбоог сэргээхээр заасан байна. Түүнчлэн Зөвлөлт засаг Шикотан арал болон бага Куриллын эргэн тойрны хүн оршин суудаггүй жижиг арлуудыг Японы талд шилжүүлэн өгөхөөр зөвшөөрч, энэхүү тохиролцоог дагаж мөрдөхийн тулд хоёр улсын хооронд энхийн гэрээ хэлэлцээр байгуулах нөхцлийг тусгасан юм. Гэвч 1960 онд Япон болон АНУ-ын хооронд байгуулсан Номхон далайн бүсийн гэрээний улмаас ЗХУ, Японтой байгуулсан тунхагаас гарч, газар нутгийн маргаантай арлуудыг Японы талд өгөхөөс татгалзсан юм. Энэхүү маргаантай асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр үлдэж, хоёр улсын хоорондын харилцааг сааруулах гол шалтгаан нөхцөл хэвээр байгаа юм.

Японы ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын өмнө Куриллын арлуудад олныг хамарсан жагсаал цуглаан болж, Оросын иргэд Куриллын арлуудыг Японы талд шилжүүлэн өгөх яриа хэлэлцээрийг эсэргүүцэн жагсчээ.

ОХУ-ын тал Япон улстай газар нутгийн маргаантай асуудлууд, хоёр улсын болоод олон улсын тавцан дахь санал зөрөлдөөнтэй асуудлуудаас шалтгаалан төдий л сайнгүй харилцаатай байгаа ч энэ бүхнийг засч залруулан харилцаагаа ойртуулж, тогтвортой харилцаа тогтооход бэлэн гэдгээ илэрхийлж байгаа юм. Тиймээс Москва хотноо өнөөдөр болох уулзалтаас талуудын аль аль нь тодорхой, үр бүтээлтэй үр дүн хүлээж байгаа нь дамжиггүй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө