Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сэтгүүлчдэд хаалттай үзүүлсэн бичлэгийг гар зургаар дүрслэн харууллаа

  А.Болдсайхан 2019-03-29 6349

ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн хорих ангийн зоорийн давхрын өрөө:  2015 оны 9 сарын 1 ээс 2015 оны 9-р сарын 06 ны өдөр. Ц.Амгаланбаатар /онд хүнд гэмт хэрэгтэн/, И/онц хүнд гэмт хэрэгтэн/, ШШГЕГ-ын ажилтан Б нар сэжигтэн Б.Содномдаржаагийн өрөөнд орж зодож дарамтлан, эрүүдэн шүүж байгаа бичлэг

Бичлэг эхлэхийн өмнө ийм гарчиг өгчээ. Өрөөний өргөн нь 2-3 алхам бол урт нь 5-6 алхам байхаар зайтай. Хоёр талаар нь банз, паниар оролцуулан ор бэлтгэжээ. Энэ өрөө агааржуулагч, цонх, жорлонгүй. Харин өрөөнд нэг ширхэг хувин байрлуулж түүнд нь ялтанууд болон сэжигтнүүд бие засч байгаа нь бичлэгт харагдана. Энэ өрөөний бичлэгийг чаннел 8 гэсэн камер бичжээ.

Өрөөнд Б.Содномдаржаа ганцаараа байгаагаар дүрс бичлэг эхэлнэ. Тэрээр саарал өнгийн подвалк, хар өмд, саарал өнгийн гутал өмсчээ. Мөн үс нь ургаж, бага зэргийн сахал ургасан харагдана. Түүнийг буруу харж зогсохыг хаалганы цаанаас харгалзагч тушааж өрөөнд хоёр хүн орж ирнэ. Нэг нь туранхай, халзан толгойтой, гурван кант бүхий биеийн тамирын хослол өмсчээ. Энэ хүн бол зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял сонссон Ц.Амгаланбаатар. Харин түүнтэй хамт мөн халзан толгойтой, биеэрхүү ялтан орж ирнэ. Түүнийг бичлэг дээр Итгэлээ гэж дуудаж байгаа нь сонсогдоно. Тагнуулын байгууллагын өгсөн мэдээллээр Итгэл гэдэг хүн 1.90 см өндөртэй, 112 кг жинтэй онц хүнд гэмт хэрэгт ял сонсчээ. Хоёр хүн орж ирээд сэжигтэн Содномдаржааг доошоо суухыг сануулна. Содномдаржаа өөрийн хувцас, хөнжил гудсаа аваад хаалганы дэргэд очиж сууна. Харин Амгаланбаатар болон И нар өөрсдийн ор, дэвсгэр хувцсаа тавьснаар бичлэг үргэлжилнэ. Амгаланбаатартай хамт орж ирсэн И нь онц хүнд гэмт хэрэг үйлдэж 16 жилийн хорих ял сонсчээ. Харин энэ хэрэг шийдэгдсний дараа тэрээр суллагдсан гэдгийг хууль зүйн сайд хэлж байна. Одоо эрх чөлөөтэй болсон энэ хүнээс зарим тайлбар авах шаардлагатайг ч онцоллоо.

Ингээд ялтан Амгаланбаатар өрөөний зүүн талын орон дээр сууж бараан талд үүдний дэргэд суух  Содномдаржаатай харилцан ярина. /харилцан яриаг утгачлав/

Амгаланбаатар: - Чи тэр хэргээ хүлээгээч. Чамаас болж би энд байна п... минь

Содномдаржаа: - Ямар хэрэг

Амгаланбаатар: - Чи Зоригийг алаа биз дээ муу л.... минь, айн чи муу яагаад байгаан. Хөөе, хөөе муу п... минь. Дугараач ээ чи муу л.... ааа

Иймэрхүү харилцан яриа өрнөсний дараа Амгаланбаатар босч үүдний дэргэд суух Содномдаржаа дээр очно. Тэрээр баруун зүүн гараараа ээлжлэн түүний толгойноос бусад газарт цохиж байгаа нь бичигджээ. Мөн үснээс нь зулгааж доош нь дарахаас эхлээд өвдөгөөрөө зузаан гуяанд өшиглөж байгааг бичлэгт харуулжээ. Ялтан Амгаланбаатар сэжигтэн Содномдаржааг зодох үеэр хамт орж ирсэн ялтан И тэр хоёрыг ажиглан харна. Зарим үед босч ирэн эсэргүүцэл үзүүлэх гэсэн Содномдаржаагийн гараас нь барьж хориглох үйлдэл гаргажээ.

Ингээд 2015 оны 9-р сарын 1 ний өдрөөс эхлэн сэжигтэн Содномдаржааг 4-5 хоног өдөр, шөнөгүй зөвхөн явган суулгасан байгаагаар бичлэг үргэлжилнэ. Түүнийг бүх хувцсаа тайлахыг шаардаж зөвхөн дотуур өмдтэй үлдээгээд хаалга руу харуулан суулгажээ. Ингээд Содномдаржаа зарим үед гараа толгой дээрээ авч зарим үед ардаа авна. 6 хоног яг ийм байдлаар түүнийг байлгажээ. Доошоо хараад сууж байгаа хүнийг Амгаланбаатар зодож, цохино. Зодож дарамтлах үедээ мөн харилцан яриа өрнөжээ. /харилцан яриаг утгачлав/

Амгаланбаатар: - Чи Зоригийг алаа биз дээ муу  п... минь. Чи Паарааг  алсан. Чи Паарааг шатааснаа юу гэж тайлбарлах гэж байна аан.

Содномдаржаа: - Би хэнийг ч алаагүй.

Амгаланбаатар: - Өөр юу гэмээр байна. Би чамайг хараад зогсож байсан биз дээ п... минь.Паарааг чи шатаагаа биз дээ хөөе, дугараач хөөе. Чи хэргээ хүлээ за юу. Байцаагчдаа хэл за юу п.... минь. Чи алаа биз дээ муу л... минь

Содномдаржаа: - Би хүн алаагүй за, хийгээгүй хэрэг би хүлээхгүй

Амгаланбаатар: - Би чамайг ална шүү. Би мэдэж байна. Чи алсан биз дэээ муу п... минь. Чи алсан шдээ.

Бичлэг 6 хоног үргэлжилнэ. Камерны дээр он сар өдөр, цаг нь гүйж байгаа нь харагдана. Энэ хугацаанд зодож, галуун цуваагаар алхуулж, суниалгажээ. Дэгэлж байгаа ийм үйлдэл бүтэн шөнийн хугацаанд үргэлжилнэ. Уг нь журмаар бол оройн 23 цаг гэхэд бүх ялтан амарсан байх ёстой байдаг байна.

Ийм дэг хийлгэж байхдаа ялтан Амгаланбаатар Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардсаар байсан юм. Мөн энэ үеэр тэд бие биенийгээ бага байхаасаа мэддэг байсныг илтгэх харилцан яриа өрнөнө. /харилцан яриаг утгачлав/

Амгаланбаатар: - Чи муу хэргээ хүлээхгүй юм байна тэ. Итгэлээ би энийг алчих уу. Хоёр нүдийг нь ухаад авчих уу.

Содномдаржаа: - Чи намайг ахаа гээд л явдаг байсан биз дээ. Чи таван настай байхдаа ахаа гээд намайг дагаад явж байсан.

Амгаланбаатар: -  Аан, юу гээд хуцаад байна... Би таван настай байх үеэ яаж санадаг юм. Ахаа гээд дагаад гүйж явсан нь үнэн.

Содномдаржаа: - Тэгээд чи ахынхаа нүдийг ухаж хаяна гээд яагаад тэгэж хэлж байгаа юм.

Амгаланбаатар: - Яадгийн. Би чадна за юу, тэ Итгэлээ.

И: - Тийн шд. Чи тэр хэргээ хүлээ за юу. Байцаагчдаа очиж хэл. Наад хэрэг мэрэг чинь хөнгөрнө мэдүү.

Ингээд дэглэлт үргэлжилж ялтан Амгаланбаатар сэжигтэн Содномдаржааг үргэлжлүүлэн зодно. Тэрээр хэргээ хүлээ л дээ гэж орилон үүдэнд нүцгэн суух содномдаржааг дахин зодож эхэлнэ. Энэ үеэр тэрээр хувинтай шээс болон бусад хаясан зүйлсийг Содномдаржаа дээр асгаснаар тэд барилцан авч байгаа нь бичлэгт үлджээ. Барилцан авах үеэр ялтан И босч ирэн Содномдаржааг суухыг шаардан цээж, нуруу руу нь цохиж, гар хөлийг нь барьж хорьжээ. Харин энэ үеэр Амгаланбаатар түүний үснээс зуулгаж, толгой дээрээс нь даран суухыг шаардана. Содномдаржаа олон хоног явган сууснаа хэлж суухаас татгалзах боловч түүнийг хоёр талаас нь цохиж зодож, хүчээр суулгаж байгаа нь бичигдсэн байна.

И: - Суу, суу гэж байна шүү муу новш минь /харилцан яриаг утгачлав/

Содномдаржаа: - Цаашаа л даа,  би суухгүй

И: - Суу гэж байна чамайг, ална шүү суугаач п... минь. Чи муу хэргээ хүлээ. Чи алсан биз дээ. Энэ хүмүүс бүгд мэдэж байна. Яах гээд байгаа юм бэ чи

Содномдаржаа:- Ёооё, /уртаар амьсгалж байгаа нь сонсогдоно/

Энэ үйл явдал 9-р сарын 1 ний өдрөөс 9-р сарын 6 хүртэл үргэлжилнэ. Ингээд хаалга онгойж харгалзагч ялтан Амгаланбаатарыг юмаа аваад гарахыг тушаана. Тэрээр өөрийн эд зүйлсээ цуглуулаад гараад явна. Ялтан И сэжигтэн Содномдаржаатай юм ярихгүй ч хэргээ хүлээхийг шаардсаар байв. /харилцан яриаг утгачлав/

И: - Чи хэргээ хүлээ за юу. Хүлээвэл хөнгөрнө шүү хө. Хэр удаан ингэж явдаг юм, мэдүү...

Ийм яриа өрнөж байх зуур өрөөнд ШШГЕГ-ын ажилтан Б орж ирнэ. Халзан толгой, махлаг биетэй тэрээр ногоон өнгийн подвалк, хар өмд өмсчээ. Орж ирээд ялтан И-тэй гар бариад за ямар байна. Гайгүй юу гэх зэргээр харилцан ярьжээ. 

9-р сарын 6 ны өдөр ялтан И-г харгалзагч нар гарахыг шаардан гаргана. Ингээд өрөөнд ШШГЕГ-ын ажилтан Б болон ялтан Содномдаржаа нар үлдэнэ. Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтан гэж тагнуулын байгууллагаас тайлбарлаж байгаа. Түүнийг энэ хэрэгтэй холбогдуулан ажлаас нь чөлөөлж, хуулийн дагуу шалгаж эхэлжээ.

Б: - Чи хөөе, тэр хэргээ хүлээ мэдүү, Чамайг л алсан гэж байна шд. Бүгд мэдэж байна. Чи алаа биз дээ

Содномдаржаа: - Үгүй би алаагүй

Б: -  Юу гэнээ чи. Юу гээд хуцаад байгаа юм бэ. Чи алсан биз дээ. Муу п... минь.

Ингээд ШШГЕГ-ын ажилтан Б,  Содномдаржааг багалзуурдан орон дээр хэвтүүлнэ. Тэрээр цохиохоор далайх боловч, орны банзан дээр цохиж сүрдүүлж байгаагаар бичигджээ. Энэ хүрээд сэжигтэн Содномдаржаагийн өрөөнд хийгдсэн бичлэг дуусна. Үүний дараа сэжигтэн Чимгээгийн өрөөнд юу болсныг ойролцоогоор 9 орчим минутад харуулжээ.

ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн хорих ангийн зоорийн давхарын өрөө

2015 оны 9 сарын 1 ээс 2015 оны 9-р сарын 06 ны өдөр. Ц.Амгаланбаатар /онд хүнд гэмт хэрэгтэн/  сэжигтэн Т.Чимгээг дарамталж байгаа бичлэг.

 Чимгээг унтаж байхад нь хаалга онгойж өрөөнд цээж нүцгэн Амгаланбаатар орж ирнэ. Харин Чимгээ хөнжлөө нөмрөн орон дээрээ босон суужээ. Амгаланбаатар орж ирээд тамхи асааж харилцан яриа өрнүүлжээ.  /харилцан яриаг утгачлав/

Амгаланбаатар: - Чи тэр хэргээ хүлээгээч, чи алсан биз дээ. Чи тэр үед хамт явж байсан биз дээ. Би чамайг хажуунаас чинь хараад зогсож байсан шүү дээ.

Чимгээ: -.....

Амгаланбаатар:- Хөөе чи дуугараач. Үнэн биз дээ. Одоо наад хэргээ хүлээгээд дуусга. Хэрэг чинь хөнгөрнө шүү дээ. Хөөе, чи юм хэлээчээ. Би та нарыг бүгдийг чинь ална шүү за юу. Чи хол явахгүй шүү. Чи алсан биз дээ хөөе. Муу новшоо.

Чимгээ: - За

Амгаланбаатар:- Одоо байцаагчдаа шууд хэл мэд үү. Тэгээд юу гэж хэлнэ гэнээ, юу гэж хэлэхээ мэдсэн биз дээ чи... аан

Чимгээ: - За

Ийм яриа өрнөсний дараа Амгаланбаатар өрөөнөөс гарч явна. Ингэснээр 27 минут үргэлжлэх бичлэг дуусч байгаа юм.

Энэ бичлэг дээр гарч байгаа үйлдэл олон хууль дүрэм зөрчсөн байгааг тагнуулын ерөнхий газрын ажилтан тайлбарласан. Тухайлбал нэг хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг хамт байлгадаггүй. Мөн сэжигтэнг ял эдэлж байгаа хүнтэй хамт нэг өрөөнд оруулдаггүй байна. Дээр нь хорих байр агааржуулагч, жорлон, цонхгүй гээд наад захын дүрэм журам хангаагүй байгааг онцоллоо.

Энэ бол 660 хоногийн бичлэгийн эхний зургаа өдрийнх. Үүний дараа өөр олон аргаар эрүүдэн шүүсэн бичлэг байгааг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Олон өдөр хоол өгөхгүй байлгаж гэнэт их хэмжээний хоол идэхийг шаардах, хоолонд нь сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хийх, олон хоног нойр хоолгүй явсан сэжигтнүүдийн ухаан санаа орж гарч байгаа зэрэг нь бичигдсэн үлдсэнийг мэдээлсэн юм.

Уншигч танд гар зураг ашиглан тухайн бичлэгт юу гарч байгааг тайлбарлахыг оролдлоо. Мөн харилцан яриаг утгачилсан болохыг онцлон хэлье.

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө