Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Apple компанийн эсрэг аливаа хориг тогтоохгүй байхыг Huawei Хятадын эрх баригчдад уриалав

  М.Даваадулам 2019-05-27 825

АНУ Хятадын Huawei компанийн эсрэг зарим хориг тогтоосноор, олон улсын томоохон компаниуд ээлж дараалан Хятадын технологийн үйлдвэрлэгчтэй бизнесийн харилцаагаа таслаад байна. Энэ үед БНХАУ Америкийн Apple брэндийн эсрэг хориг тогтоож магадгүй гэх цуурхал гарсан. Huawei компанийн удирдлагууд Apple компанийн эсрэг аливаа хориг тогтоохгүй байхыг эрх баригчиддаа уриаллаа.

Huawei компанийн Ерөнхий захирал ноён Жэнь Чэнфэй холбогдох мэдэгдэл хийлээ. Apple компанийн эсрэг Америкчуудын адил хариу арга хэмжээ авахгүй байхыг уриаллаа. Учир нь Америкийн компанийг “өөрийн багш” хэмээн нэрлэж, Apple компани байгаагүй бол гар утасны интернэт орчин үгүй байх байсан гэдгийг ноён Жэнь онцоллоо.

“Юуны түрүүнд ийм зүйл болохгүй. Хоёрдугаарт, ийм зүйл тохиовол, би хамгийн түрүүнд эсэргүүцэх болно. Apple бол дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд түүнгүйгээр гар утасны интернэт ертөнц үгүй байх байсан. Дэлхий ертөнцийг бидний дэргэд авчирч чадсан Apple байгаагүй бол бид хүрээлэн буй дэлхий ертөнцийн гоо сайхныг харахгүй байсан” гэж ням гарагт Bloomberg телевизэд ярилцлага өгөхдөө ноён Жэнь Чэнфэй тэмдэглэжээ.

Apple компанийг өөрийн багшаа гэж тодотгосон юм. “Тэр бидний нүдэн дээр урагшилж байна. Өөрийн багшдаа тэрслэх шаардлага үгүй. Би тийм зүйл хийхгүй” гэж Хятадын компанийн тэргүүн амлалаа.

Мэдээж АНУ-ын эрх баригчдын шийдвэр Huawei компанийг 5G харилцаа холбооны технологийн салбарт өрсөлдөгчдөөсөө илт хол тасарсан байдлыг зогсоох зорилготойг ноён Жэнь Чэнфэй хүлээн зөвшөөрлөө. “Онгоцны далавчинд нүх үүсэх тусам нислэг удааширна. Бид удаан, харин өрсөлдөгчид хурдан нисвэл, бид гүйцэгдэх болно. Гэхдээ эдгээр нүхийг бөглөхийн тулд бид ажиллана. Дахин хурдан дүүлэн нисэх болно” гэж Huawei компанийн Ерөнхий захирал өнөөдөр олон улсын зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлыг зүйрлэлээ.

Сүүлийн жилүүдэд БНХАУ харилцаа холбооны 5G сүлжээг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Хятадын үүрэн харилцаа холбооны оператор компаниуд, тэр дундаа China Telecom, China Mobile, China Unicom компаниуд Huawei компани, ZTE корпораци зэрэг технологи үйлдвэрлэгчидтэй хамтарч, харилцаа холбооны тав дахь үеийн сүлжээг дэмжих туршилтын станц, төрөл бүрийн төхөөрөмж боловсруулан, туршин ажиллаж байна. 5G технологийг нэвтрүүлснээр мэдээлэл дамжуулах хурд 20-50 дахин нэмэгдэх юм.

Эд анги болон программ хангамж нийлүүлэх компанийн тоо өдрөөс өдөрт цөөрч байгаа энэ цаг үед Huawei компани энэ дарамтыг хэр удаан тэсвэрлэх талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа ноён Жэнь Чэнфэй: “АНУ өөрсдийн компанийг удирдана. Гэхдээ тэд дэлхийн эзэн биш. Тиймээс бусад улс орнууд бидэнтэй хамтран ажиллах эсэхээ бие даан шийдвэрлэнэ” гэлээ. Улмаар энэ бүхнийг өөрийн онгоцны далавчинд үүссэн нүхтэй зүйрлээд, үүнээс болж нисэх онгоц нислэгээ зогсоохгүй гэдгийг онцоллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Huawei компанийг Америк-Хятадын худалдааны гэрээний зүйл заалтад багтаах талаар твиттерт жиргэсэн. Энэ талаар хариулахдаа ноён Жэнь Чэнфэй: “АНУ хэзээ ч биднээс бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаагүй. Хэрэв АНУ ирээдүйд биднээс бараа бүтээгдэхүүн худалдан авахыг хүсвэл, би тэдэнд мөн худалдахгүй байх эрхтэй. Бидэнд хэлэлцээр явуулах шаардлага байхгүй, би Трампыг зүгээр л үгүйсгэх болно. Би утсаа авахгүй бол тэр хэнтэй хэлэлцээр явуулах вэ дээ. Би түүнд өөрийн утасны дугаарыг өгөөгүй. Тиймээс түүний жиргээ нь инээдтэй байна” гэж хариулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 15-ны өдөр улс орны мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадны улс орны аюул заналхийллээс хамгаалахын тулд онц байдал тогтоосон зарлиг баталсан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Худалдааны яам 5-р сарын 17-ны өдөр Huawei компанийг хар жагсаалтад багтаасан. Мөн өнгөрсөн оны 8-р сард Трамп Ерөнхийлөгч Засгийн газрын харъяа бүх байгууллагад Хятадын Huawei болон ZTE компанийн үйлдвэрлэсэн тоног, төхөөрөмжийг ашиглахгүй байхыг үүрэг болгосон юм.

Huawei компани АНУ-ын эрх баригчдын тус шийдвэрийг өөрийнх нь хууль ёсны эрх, эрх ашгийг ноцтой зөрчсөнд буруутгасан. АНУ-ын энэ шийдвэр үүрэн харилцаа холбооны 5G сүлжээг хөгжүүлэхэд чөдөр тушаа хийж байгаа үйлдэл гэж тодорхойлсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө