Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орчин цагийн зэвсэгт хүчин үүссэн түүх

  Б.Уянга 2017-03-18 1821

 Буурал түүх, хувь заяаны эрхээр мандан бадарч, задран бутарч, харийн түрэмгийлэгчид Монгол орныг эзлэн, дарлаж байсан түүхэн үед эх орныхоо тусгаар тогтнолын төлөө яндашгүй гавьяа байгуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын баатарлаг эх орончдын дайчин уламжлалыг үргэлжлүүлсэн Их жанжин Дамдины Сүхбаатар тэргүүтэй Ардын журамт цэргийн Алтанбулаг-Шивээ Хиагтад 1921 оны 3 дугаар сарын 18-нд хийсэн түүхэн ялалтын явцад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн бий болж, улс үндэстнээ харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, төр улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалын эхлэлийг тавьж, өнөөгийн хөгжил дэвшлийн үндэс болсныг хойч үе нь бөхөөлгүй бадрааж, олон улсын Зэвсэгт хүчний жишигт хүргэснийг Монголын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчид жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

        Хүннү гүрнээс эхтэй анхны төрт улсын үеэс “Газар нутаг бол төр, улсын үндэс” хэмээх төрийг төвшитгөх алсын хараатай, онч мэргэн бодлогоор залгамжилсан Монгол төрийн бодлого олон зууны түүхийн хуудсыг өртөөлөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 болон 1945 оны дайн, тулалдаан, хил хязгаараа тохинуулахын төлөөх тэмцэл, тулгарах байлдааны явцад хатуужин бэхжиж, энх цагийн бүтээн байгуулалтад нэр төртэй оролцож ирлээ.

        Монгол Улсын төр засаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ард  иргэд эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах баатарлаг тэмцлийн дайчин түүхээ улам зузаатгасаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 96 жилийнхээ ойтойгоо золгож байна.

        Өнгөрсөн онд Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл, онцлог үйл явдлаар дүүрэн түүхт ойгоо угтаж байна.

     “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас санаачлан боловсруулсан “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиуд Улсын Их хурлаар батлагдсан амжилтаар түүхийн хуудсыг баяжуулан үлдээж байна.

       Энэхүү батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог шинэчлэгдэн, Зэвсэгт хүчний эрх зүйн орчин шинэ шатанд гарч, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага ЗХЖШ болон төрийн цэргийн байгууллагуудын харилцан ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бий болсон.

      Монгол Улсын Их хурлын чуулганаар батлагдсан Батлан хамгаалахын багц хууль нь төрийн цэргийн байгуулал нэгдмэл байх, улс орны батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн олон шинэ харилцааг үр дүнтэй зохицуулах бололцоог олгох, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах, Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогыг тодорхойлох, стратегийн ба нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийг төгөлдөржүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн баримт бичиг болсон. 

      Батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчин “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг болно. Мөн Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа мөн болохыг баталгаажуулж, улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг шинэчлэх төрийн бодлогын гол зорилт болж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэгч нь зөвхөн БХЯ, ЗХЖШ төдийгүй төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үүргийг нэмэгдүүлэн хуульчлагдлаа.

     БХЯ, ЗХЖШ “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” болон батлан хамгаалах багц хуулийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх цогц арга хэмжээ, арга замыг тодорхойлсон “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийг төрийн цэргийн байгууллагуудтай хамтран боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Засгийн газарт өргөн барьсан.

      Түүнчлэн улс орныхоо батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг улс орны хэмжээнд төлөвлөн зохион байгуулах, бусад төрийн захиргааны төв байгууллагуудтай энэ үйл ажиллагааг уялдуулах, орон нутгийн удирдлагуудтай батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэхэд анхаарч ажиллах, “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн албажуулж, Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ гарааг эхлүүллээ.      

            Зэвсэгт хүчний өнөөгийн өнгө төрх, үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт, бүтээл бүхэн нь эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчид болон батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.      

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан