Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дөрвөн сарын дотор таван гүем үхжээ

  Ч.Доржбат 2017-04-21 4274

Ирвэс өөрсдийн идэш тэжээл бологч амьтдаас олон дахин цөөн тоо толгойтойгоор аж төрөх байгалийн хатуу хуулийн үйлчлэл дор оршин тогтнодог. Үүний нэг нь ирвэс жил бүр төллөөд байдаггүй, хоёр жилд нэг удаа үр төл авдагт байгаа юм. Гэвч гүем болгон эсэн мэнд өсдөггүй ажээ. Энэ удаа дөрвөн сарын дотор таван гүем үхжээ. Дөрвөн сар гэдэгт 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сар багтаж байгаа болно. Тэдгээр гүем хэрхэн үрэгдсэн тухай баримт дэлгэе. 


Эхний тохиолдол

2016 оны 11 дүгээр сард Алтай Соёоны бүс нутаг дахь Ховд аймгийн Дуут сумын нутагт хоёр гүем нэг дор үхсэн байсныг нутгийн малчин мэдээлсэн. Тэр хоёр гүемийн сэгийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт өгч өвчний шинжилгээ хийлгэсэн боловч өвчний шинж тэмдэг илрээгүй. Үхсэн нөхцөл байдал, үхсэн гүемийн ходоодон доторхи хоолны үлдэгдэл, биеийн байдал зэргийг харгалзан үзээд турж үхсэн байж болзошгүй гэж мэргэжилтнүүд дүгнэсэн билээ. Ямар учраас турж үхсэн байх вэ? Зургаан сар орчим настай гүем өөрсдөө ан гөрөө хийж, хоолоо олж идэх чадваргүй байдаг. Хоолгүйгээс өлсөж үхнэ гэдэг хоол олж өгдөг, авран хамгаалдаг эх нь эндэснээс болсон байх магадлалтай. 


Хоёр дахь тохиолдол

2016 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Дарви сумын нутагт нэг гүем үхжээ. Яагаад үхсэн талаар сураглавал тэр гүем айлын мал руу дайрсны улмаас гэрийн нохойд бариулсан ажээ.


Гурав дахь тохиолдол

2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр малчид Жаргаланхайрхан уулын Нарийний аманд хавхтай ирвэс харжээ. Хавхтай ирвэс тэднээс зугтаж хадны хөндий рүү оржээ. Тэд дөхөж очоод харахад гүем байжээ. Тэр хавхтай гүем 8 хоногийн дараа дахин үзэгдээд сураг тасарчээ. Гэтэл 1 дүгээр сарын 27-ны өдөр тэр гүемийг үхсэн байсныг Манхан сумын малчин мэдээлсэн байна. Очиж үзэхэд гүемийн урд хөлийн сарвуу нь хавхны улмаас тасарчээ. 


Дөрөв дэх тохиолдол

2 дугаар сарын 27-ны өглөөгүүр нэг малчин утсаар ярьж, Жаргалантхайрхан ууланд нэг гүем үхсэн тухай мэдээлэв. Гүемийн сэгийг хадны хонгилд нуухыг тэр малчнаас хүссэний дагуу тэрээр агуйд сайтар нуужээ. Дараа нь тэр малчныг дагуулж яваад сэгийг нуусан агуйд очлоо. Гүемийн сэг алга болжээ. Гүемийн сэгийг агуйд хийгээд чулуугаар дарж нуусан байна. Гэтэл сэгийг суга татаж авчээ. Сэгийг хэн авсан бэ? Тэр орчимд ганцхан айл байсан. Гүем нуусныг ганцхан тэр малчин л мэднэ. Тэдний гэрийнхэн ч мэдээгүй байна. Орчин тойрныг шалгаж үзвэл тэр агуйд ирвэс ирээд явжээ. Агуйгаас доошоогоо үсэрч буусан мөр нь тодоос тод байлаа. Гүемийн сэгийг ирвэс авч явсан нь тодорхой боллоо. Яах гэж сэгийг ирвэс авав? Энэ нь таамаг хэвээр үлдлээ. 

Ирвэс хамгааллын талаархи хийж байгаа ажлыг мэддэг, ойлгож дэмждэг малчдаас ирүүлсэн мэдээллээр дөрвөн сарын дотор таван гүем үхэж үрэгдсэн нь ийнхүү тодорхой боллоо.

Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан ​

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан