Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн аваргын шагналын мөнгөө ядуусыг орох оронтой болгоход зарцуулжээ

  М.Даваадулам 2017-05-04 15192

Хоногийн хоол ч үгүй олон хоног байв... Мэнни Пакьяо Филиппины нэгэн ядуу гэр бүлд төрж өсчээ. Гэвч түүний хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэсэн чин эрмэлзэл, хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр алдрын оргилд хүргэсэн юм. Мэнни Пакьяо бол найман өөр жинд дэлхийн аварга болсон дэлхий дээрх цорын ганц боксчин. 

Хэдий спортын ертөнцөд үнэмлэхүй гавьяа байгуулж, дэлхий дахинд танигдсан ч, тэрээр ядуу зүдүү хүүхэд насаа огт мартсангүй. Анхныхаа дэлхийн аваргын бүсээ хүртээд, дагалдсан мөнгөн шагналаараа төрөлх Танго хотод ядуу зүдүү иргэдэд зориулсан орон сууц бариулжээ. Танго нь Филиппины Сарангани мужид байрлах хамгийн ядуу тосгодын нэг юм. Гэхдээ боксчин үүгээр зогссонгүй. Тэрээр өнөөдрийн байдлаар олон мянган айл өрхийг орох оронтой болгожээ. 

© dailymail  

Пакман Виллаж - амьдралын түвшин доогуур иргэдэд зориулан байгуулсан тосгоноо Мэнни ийнхүү нэрлэжээ. Нэг байранд хоёр гэр бүл амьдарна. Байр тус бүр хоёр хаалгатай. Пакман буюу Pac-Man нь боксчны хоч юм. 

© dailymail  

Пакман Виллаж хотхоны оршин суугчид

Шинэ тосгонд спортын задгай болон битүү танхим, цэцэрлэгт хүрээлэн, соёлын төв бий. 

© Manny Pacquiao/ Instagram  

Мэнни олон хүүхэдтэй ядуу гэр бүлд төрж өсчээ. Хоногтоо гадил жимс, ургамлын үндсээр хооллодог байв. 12 насандаа сургуулиа орхиж, гэр бүлдээ туслахаар гэр бүлийнхээ нарийн боовны цехэд ажиллаж, гудамжинд пончик зарах болжээ. Гэхдээ үүнийхээ хажуугаар мөрөөдөл болсон боксоо орхисонгүй. Пакманы анхны дасгалжуулагч бол түүний авга ах.  

Пакьяо гэр бүлийн хамт

Авга ах нь Мэнниг багадаа маш тэсвэр хатуужилтай хүүхэд байсан тухай ярих дуртай. "Өглөө бүр 4 цагт босч, гадаа гарч гүйдэг байсан. Бэлтгэл хийж эхлээд хагас жилийн дараа л ирээдүйн дэлхийн аварга болно гэсэн итгэл надад төрсөн. Миний бодол ч алдаагүй" гэж авга ах нь хэлж байна. 

Мэнни Пакьяо бол өнөөдөр эх орондоо төдийгүй олон улсад танигдсан нэгэн. Пакьяо хэдэн жилийн өмнөөс улс төрд хүч үзэж, өнгөрсөн онд Конгрессын сонгуульд ялалт байгуулсан юм. 

© Manny Pacquiao/ Instagram  

Мэнни Instagram хуудсандаа байршуулсан энэхүү фото зурган доороо "Энэ бол амьдрал. Төрийн алба хаагчийн хувиар юу хийж бүтээсэн талаар надаас асуухад би дуугүй байдаг. Үүнийхээ төлөө шүүмжлэл хүртдэг. Харин хийж бүтээсэн зүйлээ харуулахаар мөн л шүүмжилдэг" гэж бичжээ.

Тийм ээ, энэ бол амьдрал. Мэдээж гэртээ буйдан дээрээ хэвтчихээд, зорилго мөрөөдлийнхөө төлөө үргэлж урагш тэмүүлж байгаа нэгнийг шүүмжлэх амархан. Өөрийн хүчээр өнөөдрийн амьдралаа цогцлоосон энэ залуугийн хүсэл эрмэлзэл, халуун зүрх сэтгэлийг магтахгүй байхын аргагүй. 

Эх сурвалж: True ActivistManny Pacquiao / Instagram

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан