Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НАЙМААНЫ СУРАГ АЖИГ ...

  Г.Болорсүх 2017-06-19 2432

Наймааны Сураг Ажиг

● Реал Мадридын супер од Кристиано Роналдог тойрсон шуугиан намдах нь бүү хэл улам салаалан баяжсаар байна. Испанид тав тухгүй байгаа Португал довтлогчийн нөхцөл байдалд Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси болон ПСЖ клүбүүд анхаарлаа хандуулаад байгаа бол Роналдо өөрийн агент Жорже Мендешт Олд Траффордод эргэн очих хүсэлтэй байгаагаа хэлсэн хэмээн мэдээлж байна. Тэгвэл Манчестер Юнайтедын зүгээс Давид Де Хеа дээр £183 саяыг нэмээд Кристиано Роналдог Альваро Моратагийн хамтаар авах саналыг Мадридад хэлэхээр болсон гэж мэдээлж байгаа бол өөр нэг хувилбар явж байгаа нь зөвхөн Роналдогийн төлөө 26 настай Испани хаалгач дээр £175 саяыг нэмэж өгөх санал яригдаж байгаа гэнэ. Гэвч ихэнх мэргэжилтнүүд Жозе Моуриньо болон Кристиано Роналдо нарыг таарамжгүй харилцаатай хэмээн дүгнээд байгаа. 2013 онд Роналдогийн багаа орхих ээлжит “сүрдүүлгийн” золиосонд Португаль менежер Бернебауг орхиж байсан билээ. Эцэст нь Роналдо Реал Мадридаар татварын мөнгөө төлүүлэхийн тулд Бернебауг орхино хэмээн туньж байж ч магадгүй гэнэ.

● Реал Мадридын Колумби од Хамес Родригес багийн анд Кристиано Роналдотой хамт тоглох хүсэлтэй байгаа тул Манчестер Юнайтедад нэгдэхээс татгалзахгүй гэнэ хэмээн Испанийн “Diario Gol” эх сурвалж онцолжээ. Жорже Мендеш хоёулангийнх нь агентаар ажилладаг юм.

● Манчестер Сити клүб Тоттенхэмын баруун жигүүрийн хамгаалагч Кайл Уокерыг элсүүлэхээр зорьж байгаа ч Хотынхон Ювентүсийн 34 настай Бразил баруун жигүүрийн хамгаалагч Дани Алвесыг багтаа нэгтгэхэд ойртсон гэнэ. Пеп Гвардиола Барселонад Дани Алвесыг удирдаж байсныг бид мэднэ.

● Гэхдээ Байерн Мюнхен клүб Спөрсийн баруун ар Кайл Уокерт долоо хоногийн £150,000 паундын санал тавиад байгаа аж.

● Ливерпүүл Египет жигүүр Мо Салахын наймааг Роматай £35 саяар дундаа хийж байгаа бололтой.

● Барселонагийн экс менежер Луйс Энрикег Челси клүбтэй холбоод эхэлжээ. Стэмфорд Брижийн хөшигний ард ямар нэгэн үл ойлголцол үүсээд байгаа бөгөөд Роман Абрамович Итали менежерт наймааны эрхийг атгуулахгүй байгаагаас удирдлагуудын түвшинд зөрчилдөж буй талаар гадны хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. Гэсэн хэдий ч Челсигийн зүгээс улирал эхлэхээс өмнө Антонио Контед шинэ гэрээ гардуулахаар ажиллаж байгаа аж.

● Харри Магуэрийг Лестерт алдсан Спөрсчүүд Манчестер Юнайтедын төвийн хамгаалагч Крис Смоллингийг сонирхож байгаа бол Улаан Чөтгөрүүд Тоттенхэмын Англи хагас хамгаалагч Эрик Дайерыг сонирхож байна.

● Улаанууд Спортингийн 22 настай Португал жигүүрийн довтлогч Желсон Мартиншын төлөөх саналаа сайжруулж £44 саяыг Португалийн талд хэлэхээр болжээ.

● Арсенал болон Эвертон клүбүүд Миланы 22 настай Франц довтлогч Мбай Ньянгийн төлөө санал тавьж магадгүй байна. Мбай Ньянг өнгөрсөн улирал Вотфорд клүбт зээлээр тоглохдоо 2 гоол оруулсан.

● Спөрсчүүд Жошуа Кингийг сонирхож байгаа ч 25 настай Норвеги довтлогч Борнмутдаа үлдэх хүсэлтэй.

● Эвертон клүб Свонсигийн довтолгооны хагас хамгаалагч Гильфи Сигурдссоны төлөө £40 саяын санал тавихаар зэхэж байгааг “Liverpool Echo” баталсан.

● Манчестер Ситигийн хаалгач асан Вилли Кабальерог Челси элсүүлэхэд ойрхон байгаа ч Ньюкасл энэ наймаанд сонирхлоо илэрхийлсэнийг агент нь баталжээ. Шаазгайнууд Пепе Рейнаг авахаар хөөцөлдөж байсан боловч бүтээгүй бололтой.

● Челси клүб Ювентүсийн 26 настай Бразил зүүн жигүүрийн хамгаалагч Алекс Сандрогийн төлөөх саналаа сайжруулж £55 сая паундын саналыг Турины багт илгээхээр болсон бол Монакогийн 22 настай Франц хагас хамгаалагч Тьемуэ Бакайокогийн төлөө £40 саяын санал хүргүүлэхээр болжээ. Гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр Ювентүс клүб Алекс Сандрог Цэнхэрүүдэд алдахгүйн тулд шинэ гэрээ санал болгоод байгаа аж.

● Тоттенхэм 24 настай Австри төвийн хамгаалагч Кевин Виммерийг £20 саяар зарахаар тогтжээ. Виммерийг одоогоор Саутхемптон клүб сонирхож буй.

● Арсенал болон Манчестер Юнайтедад тоглож байсан 33 настай Нидерланд довтлогч Робин ван Перси Фёнербахчег орхиж унаган баг Фейеноорд клүбээ зорьж магадгүй нь ээ.

● Вест Хэм Юнайтед клүб Мидлсброгийн 21 настай Испани жигүүрийн довтлогч Адама Траорег сонирхож байна.

● Харри Реднаппын Бирмингэм Цэнхэрүүдийн ахлагч асан Жон Террид долоо хоногийн £100,000 паундын цалинтай санал тавьсандаа хариу хүлээж суугаа бол 36 настай Англи төвийн хамгаалагч Астон Виллагийн босс Стив Брюстэй гольф тоглож буй зураг нийтлэгджээ. Виллачууд түүнийг элсүүлэхийг хүсч байгаа билээ.

● Манчестер Сити клүбийн эзэд Пеп Гвардиолад энэ зун £300 саяын төсөв баталж өгсөн хэдий ч Саутхемптоны хамгаалагч Виржил ван Дейкт өндөр үнэ төлөхийг зөвшөөрөөгүй гэнэ.

● Өнгөрсөн зун Свонсигийн наймааны рекордыг £15.5 саяар эвдэн байж ирж байсан 24 настай Испани довтлогч Борха Бастон Малага руу шилжиж магадгүй.

● Тэгвэл өнгөрсөн зун мөн л Стөүкийн наймааны рекордыг £18.3 саяар шинэчлэн газардсан 24 настай Франц хагас хамгаалагч Жанелли Имбюлагаас Марк Хьюз салахын түүс болоод байгаа аж.

● Арсеналын зүгээс одоо хүртэл Алекс Окслейд-Чемберленд шинэ гэрээ танилцуулаагүй байгаа тул 23 настай Англи хагас хамгаалагчийг Ливерпүүл, Челси, Манчестер Сити клүбүүд сонирхсоор байна.

● Улаан Чөтгөрүүд Селтикийн 20 настай Шотланд зүүн жигүүрийн хамгаалагч Киран Тирнигийн төлөө хөдөлж магадгүй байна. Жозе Моуриньо Англи зүүн ар Люк Шод итгэл үзүүлэхгүй байгааг дээр хэлсэн.

● Ливерпүүл Монакогийн 22 настай Франц зүүн жигүүрийн хамгаалагч Бенжамин Мендигийн төлөө Манчестер Сититэй тулалдаж байна.

● Эвертон клүб Малагагийн 21 настай Испани довтлогч Сандро Рамиресын гэрээг чөлөөлөх тохиролцоонд хүрч чадсан.

● Челси Буркино Фасо довтлогч Бертран Траорег Францын Лион клүбт £16.6 саяар зарахыг зөвшөөрчээ.

● Италийн Рома клүб Юнайтедын хамгаалагч Маттео Дармианыг Сериа А-д эргүүлэн авчрахаар ажиллаж байна.

● Үнэгнүүд Манчестер Юнайтед болон Ливерпүүлийн сонирхолд буй 30 настай Дани хаалгач Каспер Шмейхелийг £50 саяар үнэлжээ.

● Премьер лигийн шинэ цэргүүд болох Брайтон болон Хаддерсфилд клүбүүд Францын Тулуза клүбийн Ула Тойвонен хэмээх 30 настай Швед довтлогчийг £3 саяар авахаар өрсөлдөж байна.

● Ливерпүүлийн 23 настай Герман хаалгач Лорис Кариусыг Бундеслигийн Аугсбург клүб сонирхож байна.

● Тоттенхэм клүб Тоби Алдервейрелдийг орлуулах тоглогчоор Свонсигийн 23 настай Англи төвийн хамгаалагч Алфи Моусоныг тодруулаад байгаа бөгөөд түүний төлөө Уэлсийн багт £15 саяын санал илгээж магадгүй байна.

● Эдди Хаувын Борнмут клүб Ливерпүүлийн 20 настай Англи довтлогч Райан Кентийн төлөө £6 саяын санал хүргүүлэх бол 20 настай Англи хамгаалагч Жо Гомесыг нь зээлээр авах хүсэлтэй байна.

● Челси клүб Манчестер Юнайтедын бай Альваро Моратаг хулгайлахаар оролдож байна гэсэн бол Юнайтед эсрэгээрээ Арсеналын бай Александр Ляказеттыг өрсөж элсүүлэхээр ажиллаж байна гэжээ.

● Их Буучид Бельгийн Генк клүбийн Сандер Берге хэмээх 19 настай Норвеги хагас хамгаалагчийн төлөөх тулаанд Эвертоныг давамгайлах шинжтэй байна.

● Челсигийн 24 настай Чех хамгаалагч Томаш Калас Чампионшипийн Халл Сити клүб рүү зээлээр мордоно.

● Менежергүй байгаа Саутхемптон клүб дасгалжуулагчийн туршлагагүй Райан Гиггзээр багаа удирдуулахаас татгалзаж Алавесын 45 настай Аргентин менежер Маурисио Пеллегринод багаа даатгах төлөвтэй байна. Пеллегрино Ливерпүүлд тоглож байснаас гадна туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан премьер лигийн туршлагатай менежер юм.

● Манчестер Сити клүбийн эзэд Жо Харт, Самир Насри, Вильфрид Бони нарын цалинд долоо хоног бүр £500,000 паунд төлж буй тул Гвардиолад нэн түрүүн эдгээр тоглогчдоос салах даалгаварыг өгчээ.

● Манчестер Юнайтедын 35 настай Швед довтлогч Златан Ибрахимович 11-р сард эргэн ирэхээр шаргуу ажиллаж байна.

● Наймааны хоригтой байгаа Атлетико Мадрид клүб Челсид гундуухан яваа Диего Коштаг ирэх өвлийн цонхоор эргүүлэн авчрахын тулд £26 саяын саналыг Челсид урьдчилан тавихаар болжээ.

● Брайтон энд Хоув Альбион клүб Сандерлэндийн 32 настай Швед хагас хамгаалагч Себ Ларссоныг нэгтгэхээр ажиллаж байна.

● Манчестер Юнайтед клүб Давид Де Хеаг явуулсан тохиолдолд Миланы 18 настай Итали хаалгач Жанлуижи Доннаруммаг Олд Траффордод авчрах хүсэлтэй байна.

● Монакогийн 21 настай Франц жигүүрийн довтлогч Томас Лемарын араас Арсенал, Ливерпүүл, Тоттенхэм болон Ювентүс клүбүүд хөөцөлдөж байна.

● Италийн Милан клүб Доннаруммаг явуулсан тохиолдолд Ситигийн хаалгач Жо Хартаар орлуулах хувилбар байгаа аж.

● Арсенал өнгөрсөн зун Такума Асано хэмээх Япон довтлогчийг элсүүлсэн ч ажлын зөвшөөрөл гараагүйн улмаас түүнийг Бундеслигийн Штутгарт клүб рүү зээлээр явуулсан бол харамсалтай нь энэ зун ч түүнд Британид ажил эрхлэх зөвшөөрөл олдох шинжгүй байгаа гэнэ. Асано өнгөрсөн улирал Штутгартын төлөө 27 тоглолтонд оролцохдоо 5 гоол оруулж 4 гоолын дамжуулалт тоолуулжээ.

● Саутхемптон клүб Ливерпүүлийн бай Боруссиа Дортмундын 19 настай Турк жигүүрийн довтлогч Эмре Морыг элсүүлэх хүсэлтэй байна.

● Ливерпүүл клүб Германы Боруссиа Дортмундын довтлогч Пьер-Эмерик Обамеянгийн төлөө £61.2 сая паундын санал хүргүүлэхээр зэхэж байна гэжээ. Юрген Клоппын удирдлаган дор тоглож байсан 28 настай Габон довтлогч өөрөө Энфилдэд ирэх хүсэлтэй байгаа ажээ.

● Лестер Сити клүб Вест Бромвичын 29 настай Ирланд хамгаалагч Жонни Эвансын төлөө 2 дахь саналаа явуулахаар болсон.

● Лидс Юнайтедад Роналдо Виейра гэдэг Гвиней Бисауд төрсөн Англи иргэншилтэй тоглогч байдаг юм байна. 18 настай төвийн хагас хамгаалалтанд тоглодог түүнийг премьер лигийн топ клүбүүд сонирхож байгаа аж.

● Арсеналын Чили довтлогч Алексис Санчес Байернаас долоо хоногийн £420,000 паундын цалин нэхэж Германы аваргуудын зүрхийг нь амаар нь гаргах шахжээ. Энэ нь жилийн £21.85 сая паунд гэсэн үг юм.

● Премьер лигийн хэд хэдэн топ клүбүүдийн анхааралд буй Монако клүбийн залуу довтлогч Килиан Мбаппе зөвхөн Реал Мадридад нэгдэх хүсэлтэй байна.

● Барселона Буучдаас Эктор Беллеринийг эргүүлэн авахын тулд өөрсдийн 24 настай Бразил хагас хамгаалагч Рафиньягаар солилцох төлөвлөгөө санал болгоно.

● Реал Мадридын 21 настай Испани жигүүрийн довтлогч Марко Асенсиог Европын хэд хэдэн клүбүүд сонирхож байгаагаас Арсенал нэр холбогджээ. Асенсио яг одоо зохиогдож буй 21 хүртэлх насны ЕАШТ-д хамгийн олон гоол оруулаад байгаа.

● Дембеле овогтнууд хөлбөмбөгт цоороод байгаа бол Карамоко Дембеле хэмээх бас нэгэн Дембеле Селтикт тодроод байгаа аж. Кот Д’Ивуар гаралтай Англи иргэншилтэй Карамоко Дембеле нь жигүүрийн довтлогчоор тоглодог бөгөөд 14 настай энэ хүүгийн араас Манчестер Юнайтед болон Байерн Мюнхен клүбүүд өрсөлдөж байна.

● Манчестер Юнайтедын ахлагч Уэйн Рүнид Испани, Турк, Америк, Хятадын лигүүдээс санал ирээд байгаа ч 31 настай Англи довтлогч Олд Траффорддоо үлдэх хүсэлтэй байна гэжээ.

● Барселона клүб Эвертоны 23 настай Испани жигүүрийн довтлогч Жерар Делофеугийн гэрээг £10.5 сая паундаар нь худалдан авахад бэлэн болжээ.

● Арсенал Каталоны багаас 30 настай Турк довтолгооны хагас хамгаалагч Арда Тураныг сонирхсон хэвээр бөгөөд саяхан шигшээ багаасаа зодог тайлсан түүний төлөө £26.3 саяын санал хүргүүлэхээр бэлдэж байна.

● Ньюкасл клүб Испанийн Эйбар клүбийн Флорьян Лежен хэмээх 26 настай Франц хамгаалагчийн араас хөөцөлдөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан