Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

129-р цэцэрлэгийн эрхлэгчийн хууль бус үйлдэл хирээс хэтэрч байна гэлээ

  Ч.Доржбат 2017-11-22 4048

БЗД-ийн 129-р цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа гэгчийн хууль бус үйлдэл хирээс хэтэрсэн тухай эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээллээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч нь ах дүү найз нөхдөөрөө улсын цэцэрлэгийг дүүргэж байна. Мөн анги засвар нэрээр эцэг эхчүүдээс мөнгө татдаг гэлээ. Энэ талаар эцэг эхчүүд хэвлэлийн бага хурал хийж байна.

Тэд хууль бус үйлдэл байнга гаргаж буй энэ эрхлэгчийг яаралтай сольж өгөхийг хүсч Боловсролын яам болон Нийслэлийн боловсролын газар, АТГ-т хандаж байгаа юм байна.

Хурлын үеэр өнгөрсөн есдүгээр сард ажлаас халагдсан Ж.Энхжаргал багш  “Ө.Алдармаа нь сургуулийн өмнөх боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байгаа нь мэдэгддэггүй. Манай цэцэрлэгт ирээд гурван жил ажиллаж байгаа. Энэ хугацаандаа багш болон хүүхдүүдийн эрхийг зөрчсөн хууль бус үйлдлүүд хийгээд байгаа. АТГ болон Мэргэжлийн хяналтын газарт энэ захиралыг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Ингээд шалгасан боловч дорвитой арга хэмжээ аваагүй цалинг нь гурван сарын 30 хувиар торгосон гэсэн хариу өгсөн. Гэтэл энэ эрхлэгч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Жил бүр эцэг эхээс засвар хийх нэрийдлээр мөнгө авдаг. Гэсэн ч хийсэн засвар байдаггүй. Мөн багш, ажилчдыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж ажлын байр гаргаж өөрийн ах дүү хамаатан саднаараа цэцэрлэгийг дүүргэж байна. Мөн Улаан-Үд рүү ажилчид болон ах дүү хамаатан саднууда авч явсан. Энэ үедээ бүх тогооч нарыг авч явсанаас болж коридор цэвэрлэдэг үйлчлэгч, өөрийнх нь нарийн бичиг болон эмчийн албан тушаал хашдаг Мядагмаа гэдэг хүн, гал тогооны сав угаагч нар хүүхдүүдэд хоол хийж өгсөн. Ингэхдээ хийсэн хоол нь түүхий байсан асуудал гарсан.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 30 хүүхэд суралцдаг хувилуур сургалт байдгийг тарааж, ангийг нь хаасан. Дуу хөгжмийн багшийг ажлаас нь халаад хувилуур бүлгийн багшийг дуу хөгжмийн багшаар тавьсан. Ингээд өөрийнхөө танил талыг нөгөө бүлгийн багшаар тавиад хувилуур сургалтад явж байсан 30 хүүхдийг бусад бүлгүүд рүү тав, таваар нь хувааж, 65 хүүхэдтэй ангийг 70 хүүхэдтэй болгож хууль бус үйлдэл хийсэн.

Энэ олон хүүхдэдтэй ажиллаж чадахгүй гэсэн багшийг хууль бусаар дарамталсан гэсэн мэдээлэл ч багш нараас ирсэн. Багш нараас тавьсан санал хүсэлтийг ердөөсөө хүлээж авдаггүй. Яагаад гэвэл өөрөө шийдвэр гаргаад ажилчиддаа тулган шаарддаг. Хүүхдүүдийн унтлагын цагаар туслах багш нарыг бясалгалд хамруулж, зааланд оруулж дуу дуулуулдаг. Энэ хугацаанд хүүхдүүд эзэнгүй ангидаа байж байдаг. Бид хүүхдүүдийг эзэнгүй орхимооргүй байна, бясалгал хийхгүй гэхээр тэгвэл үр дүнгийн, ур чадварын  урамшууллыг чинь хасна гэж дарамталдаг.

Наймдугаар сарын 21-нд багш ажилчид хөдөлмөрийн хуулийнхаа дагуу ажилдаа оръё гэж ирэхэд төсөв санхүү байхгүй гэх шалтгаанаар биднийг ажилдаа оруулаагүй. Наймдугаар сарын 28-нд ир гэсэн. Та нарт өгөх цалингийн мөнгийг зун ажиллаж байсан хүмүүст өгсөн байгаа гэсэн шалтгаан хэлж байсан. Тэгвэл төрсөн дүү, хүүхэд чинь яагаад ажиллаж байгааг асуухад Ж.Энхжаргал намайг бусармаг үгээр дайрч, есдүгээр сарын найманд ажлаас халсан. Би энэ цэцэрлэгт 24 жил ажиллаж, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан хүн.

Багш нарт илүү цаг бодоод цалингаас нь мөнгийг нь гаргаж авдаг. Мөн үр дүн, ур чадварын мөнгийг илүү бичиж дундаас нь гаргаж авч хувьдаа ашигладаг. АТГ-аас 24,5 сая төгрөг идэж уусан гэдгийг нь тогтоосон.” гэлээ.

Мөн эцэг эхийн төлөөлөл ярихдаа “ Эцэг эхийн төлөөлөл энэхүү хэвлэлийн хурлыг хийхийг санаачилсан. Өнгөрсөн хавар цэцэрлэг тарахаас өмнө эцэг эхчүүдээс 15 мянган төгрөг хурааж аваад засвар хийнэ гэсэн. Жил бүр авдаг энэ мөнгөөр тэр эмэгтэй  ямар засвар хийсэн гэдгээ тайлагнадаггүй. Засвар хийсэн зүйл огт харагдахгүй  байгаа. мөн эцэг эхийн зөвлөлийг тараасан учраас эцэг эхчүүд үгээ хэлэх, хамтарч ажиллах боломж хаагдсан.

Миний хоёр хүүхэд энэ цэцэрлэгт сурч хүмүүждэг. Ө.Алдармаа эрхлэгч эцэг эхийн хуралд тайлангаа тавьдаг ч асуух гэхээр ямар ч тайлбар хийдэггүй хурлыг хаяж явдаг. Хамгийн гол нь багш нарыг сэтгэлзүйгээр дарамталдаг юм билээ. Тиймээс багш, ажилчид дарамттай байгаа учраас ажлаа сайн хийж чадахгүй байгаа. Манай хүүхэд хоёр настай. Сугалаагаар цэцэрлэгт ороход  80 хүүхэд авч хоёр анги болгоно гэж байсан. Гэтэл хичээл эхлэхэд 115 хүүхэд буюу 35 хүүхэд илүү авсан байсан. Тэгэхээр энэ хүүхдүүдийн эцэг эхээс  хандив  нэрээр хахууль авч оруулсан нь тодорхой. Авсан мөнгөө яаж идэж уудгийг бид мэдэхгүй. Мөн хоёр настай хүүхдүүдийн багш нарыг байнга сольж байна. Манай хүүхдийн ангийн багшийг хэд хэд сольсон. Энэ нь хэр зөв юм бэ. Хүүхдүүд нь багшдаа дасахгүй хэцүү байна. Хүүхдүүддээ дасчихсан багш нар нь буцаад ангиа авъя гэхээр өгдөггүй гэх мэт олон асуудал байгаа учраас Ө.Алдармаа эрхлэгчийг сольж өгөөч гэх хүсэлтийг эцэг эхийн төлөөллөөс гаргаж тавьж байна. Нийтдээ 500 гаруй эцэг эхчүүд гарын үсэг зурсан.” гэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан