Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Уран гулгалтын спортын тайлбарлагч А.Дэлгэрмаа: Монголд уран гулгалт хөгжих бүрэн боломж бий

  admin 2018-02-23 12365

“Пёнчан-2018” өвлийн олимпийг ТВ5 телевиз албан ёсны эрхтэйгээр дамжуулж байгаа. Уран гулгалтын тайлбарлагч А.Дэлгэрмаатай ярилцлаа.

-Манай телевиз 7дахь олимпоо дамжуулж байгаа. Энэ удаагийн олимп дамжуулалтын гол анхаарал татаж байгаа хэсэг нь мэдээж уран гулгалтын тайлбар.  Та өөрийгаа танилцуулаач. Хэзээнээс эхэлж уран гулгалтын талаар энэ их мэдлэгийг хуримтлуулсан бэ?

-Миний хувьд мэргэжлийн уран гулгагч биш сонирхогч гэдгээ юуны өмнө хэлмээр байна. Харамсалтай нь уран гулгалт Монголд хөгжөөгүй спорт. Би нийслэлийн Орос 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Ихэнх хичээл маань Орос хэл дээр ордог. Тэр дундаа ЗХУ-аас мэргэшсэн бэлтгэгдсэн багш нар ирж хичээл заадаг байлаа. Бүх хичээл сурах бичиг Орос хэл дээр үзнэ. Дуу хөгжмийн багш маань баллетчин хүн байсан. Бэртлийн улмаас балетаа орхисон  Кейвээс ирсэн үзэсгэлэнтэй сайхан багш байлаа. Анги даасан багш маань Оросын Еврей гаралтай Зенкевич гэдэг  багш байсан. Сурагчийн амралт болгоноор биднийг дагуулаад Улсын дуурь бүжгийн эрдмийн театр явж сонгодог урлагтай танилцуулдаг байлаа.   Тэр үед Оросын уран гулгалт ид цэцэглэж байсан үе. Ялангуяа хос бүжгийн төрөлд Оросын урд гардаг улс байхгүй байлаа. Тэгээд бидэнд уран гулгалтыг их танилцуулдаг. Ингэж л уран гулгалтын талаар гүнзгий мэдлэгтэй болох эхлэл дунд сургуульд тавигдсан. Тэрнээс өмнө 5 настай байхдаа эмнэлэгт хэвтсэн. Гэтэл эмнэлэгт байсан хүмүүс овоороод зурагт үзээд байхаар нь сонирхоод очиж хартал нээх гоё гялгар хувцастай хүмүүс гарч байсан. Тэр үед маш хүчтэй сэтгэгдэл авч байсан юм. Ямар гоё хурдтай ямар гоё юм бэ юу хийж байгаан бол гээд их сонирхож байлаа. Тэр дүр зураг сэтгэлд их тод үлдсэн дээ.  Ингээд л Орос багш нарынхаа тайлбараас их зүйлийг сонсож мэдсэн. Тэр үед тивийн аваргуудын тэмцээн гэж л болдог байлаа. Түүнийг нь тэсэн ядан хүлээж Оросын сувгаар үздэг. Маргааш нь түүнийгээ сургууль даяараа ярьдаг байлаа. Тэр үед Оросын домогт хос Екатерина Гордеева, Сергей Гриньков нар ид уран гулгалтыг авч явсан үе. Охидууд бүгд Гордееваг дурайдаг. Үсээ тэгж зассан байна ингэж зассан байна гээд ярьдаг байлаа.

Манай аав орос хэлтэй Орос хэл дээр сонин сэтгүүл их уншина. Тэр үед спортын булан дээр уран гулгалтын талаар мэдээлэл цувралаар гарна. Тасралтгүй уншдаг байлаа.

Ингээд 90-ээд оны эхээр Япон улсад бакалаврын сургуульд явсан. Тэр үед 1998 онд Наганогын олимпийг биеэр үзэх завшаан гарч байлаа. Тэр үеэс л уран гулгалтруу эргэж буцалтгүй орсон доо.

-Таны хувьд мөсөн талбайд өөрийн биеэр гарч үзсэн тохиолдол хэр их байна.  Ингэж их дурласан спортоороо хичээллэх хүсэл эрмэлзэл маш их байсан байх.

-Би ганц ч удаа тэшүүр дээр гарч үзээгүй байхдаа  Японд анх мөсөн талбай дээр гулгаж үзсэн. Анх удаагаа мөсөн дээр гарч  байгаа хэрнээ нэг ч удаа унаагүй. Тэр үед хүмүүс та тэнцвэрийн баланс сайтай юм хэмээн гайхаж байлаа. Харамсалтай нь оюутан байсан зав боломж муутай байсан болохоор үргэлжлүүлж спорт болгож хичээллэх боломж гараагүй л дээ. Төгсөж ирснийхээ дараа ажил мэргэжил гарт ороод ирсэний дараа сонирхол хоббидоо цаг гаргаж эхэлсэн. Тэр үед балетаар суралцах боломж гарсан юм. Багадаа балетчин болохыг хүсдэг байсан ч биелээгүй юм л даа. Ингээд 27 настайдаа балетээр хичээллэж эхэлсэн. Энэ бол харьцангуй орой нас. Бүх бие ясажчихсан байдаг. Гэхдээ би ямарваа нэг үр дүнд хүрнэ гэж хүсээгүй. Дүүгээ балетаар хичээллүүлэхийн тулд багш дээр нь цуг очдог байлаа. Тэр үеэс харж сууж байхаар гээд дуурайж хийдэг байсан. Азаар үр дүн надад хурдан гарсан. Балет намайг уран гулгалтанд улам ойртуулсан юм.

Дандаа орос сувгаас орос хэл дээр мэдээлэл цуглуулдаг байсан бол яваандаа Япон хэл, англи хэл маань сайжраад ирсэн. Удалгүй интернет бий болсон. Ингээд уран гулгалтын талаар олж авах мэдээллийн хүрээ маань тэлэгдэж эхэлсэн л дээ.

-Таны хувьд зүгээр нэг сонирхогч биш бүр  мэргэжлийн төвшинд тайлбаруудыг хийж байгаа. Энэ мэдлэгийг хэрхэн олж авав?

-Анхандаа л үнэлгээний системруу шууд орох сонирхол бол байгаагүй. Харах үзэмж талаас нь үздэг байсан. Үзэж байхад дуртай хайртай тамирчид маань унаагүй, илэрхий алдаа гаргаагүй байхад хожигдох тохиолдол гарна. Тэгээд яагаад ингэж байгаа юм бол гэж гайхна. Өөрт их олон асуулт үлдэнэ. Энэ байдлаас үүдэн судалж эхлэхэд цаанаа үнэхээр нарийн учиртай гэдгийг мэдэж авсан. Өнгөрсөн хугацаанд уран гулгалт маань өөрчлөгдөж ирлээ. Тэр бүхэнд нь хамт байсаар мэдлэг маань улам бүр гүнзгийрсэн. Дээр нь балетаар хичээллэсний үр дүнд эргэлт нарийн элементүүдийг нь мэддэг болсон. Үндсэн элемент гүйцэтгэлийг хараад ойлгоход балетаар хичээллэсний маань үр дүн маш их байгаа.

 Манай улсад уран гулгалт хөгжөөгүй болохоор тэмцээн уралдаан үзчихээд ярих гэхээр хүн олдохгүй. Тийм болохоор ойлголцох хүн ховор. Тэгээд дүүтэйгээ ярина. Бас Орос найзуудтайгаа чатална.  Тэгж л сэтгэгдлээ хуваалцдаг байлаа даа.

 -ТВ5 телевизтэй хэрхэн холбогдож “Пёнчан-2018” олимпийг тайлбарлахаар болсон бэ?.

-Өмнө олимп үзэж байхад тайлбар үнэхээр сэтгэлд хүрдэггүй байлаа. Зөвхөн тамирчдын мэдээллийг өгөөд л алдаа гаргавал алдлаа гээд л хэлдэг. Тэр нь сэтгэлд хүрдэггүй. Тиймээс би дандаа олимпийг Орос суваг дээр үздэг байсан юм. Танай телевизийг Сочигын олимп дамжуулж байхад үзсэн. Тайлбарлагч нарт нь хэлээд өгөх юмсан, заагаад өгөх юмсан гэж бодоод л өнгөрсөн юм. Танай телевизийн  давуу тал нь үзүүлбэр, зрителийн уур амьсгалыг бүгдийг нь бүтэн харуулдаг. Тэгээд энэ жилийн олимп эхлэнгүүт бодсон л доо. Өмнөх олимп шигээ дутуу тайлбартай яввал харамсалтай юм даа. Хэлээд өгчих юмсан. Элементүүдийг нь тайлбарлаад өгөх юмсан гэж бодоод утсаар редакцтай холбогдсон. Миний хувьд хөтлөгчид нь хэлээд өгье л гэж бодсон. Гэтэл урьдаас та манай студид ирээд тайлбарлаад өгөөч гэж хэлсэн. Надад үнэхээр гэнэтийн сюрприз байлаа.  Анхандаа эмээж байлаа. Хэдий мэдлэгтэй ч хүмүүст тайлбарлаж үзээгүй. Тэр дундаа эфирт гарч үзээгүй сандарч эмээж байсан. Үнэхээр том сорилт байлаа. Тэгээд л 30 жил чихээ алт болтол тайлбар сонссон хүн байна даа. Үзээд алдая гээд ирсэн. ОУ-ын спортын мастер н.Болдмаа эгч, хөтлөгч хоёр маань их түшигтэй байлаа.

Эхний хэдэн эфирт сандарсан. Зарим үгээ яаж хэлэхээ мэдэхгүй. Яаж хэлвэл үзэгч ойлгох бол гэж их бодлоо. Аль болох энгийн үгээр ярихыг хичээсэн дээ.

Ashgai Delgermaa-н зураг.

-Олон үзэгчид манай редакцтай холбогдож талархал илэрхийлсэн. Үнэхээр уран гулгалтын талаар олон зүйлийг  А.Дэлгэрмаа гэдэг хүний ачаар мэдэж авлаа гэж байна?.

-Баярлалаа.  Надад олон хүн урам өгч байна. Хүүхдүүдээ уран гулгалтаар хичээллүүлье гэж байгаа эцэг эхчүүдэд харамсалтай нь манай оронд мэргэжлийн уран гулгалтын дугуйлан секц байдаггүй гэдгийг дуулгах хэрэгтэй байх. Гэхдээ та бүхний хүсэл байвал төр засаг харж үзээд БСШУСЯ –наас бодлогын чанартай энэ спортыг хөгжүүлэх байх гэдэгт маш их итгэдэг.

Уран гулгалт бол Монгол хүний биед маш зохисон спорт. Ирээдүйд энэ спорт хөгжөөсэй гэж маш их хүсэж байна.  Уран нугаралтыг дэлхийд монгол хүн л хийдэг. Монгол хүний чадварыг циркийн спортоор ч балетаар ч дэлхийд харуулчихсан. Энэ бол дээд зэргийн уран налархай чадварыг эзэмшиж чадаж байгаагын илэрхийлэл.  Энэ чадварыг эзэмшиж чадаж байхад Монгол хүнд уран гулгалт бол их ойрхон спорт. Дээрээс нь хүйтний орон.  Далайн төвшнөөс дээш 1400-1600 км өндөрт байдаг. Ямарваа нэг биеийн ачаалал, спортын бэлтгэл сургуулилт хийхэд далайн төвшнөөс өндөр байх тусмаа булчингийн хүч сайн суудаг. Тиймээс ихэнх тамирчид өндөрлөг газар бэлтгэлээ хийж хангадаг шүүдээ.

Бэлтгэл хангах ашигтай байрлал Монголд байна. Бэлтгэлийн бааз болох бүрэн боломж байна. Тиймээс энэ давуу талаа ашиглан энэ спортыг хөгжүүлэх боломж байгааг хэлмээр байна. Уран гулгалтыг төгс эзэмшихийн тулд заавал балетаар хичээллэх хэрэгтэй. Дээрээс нь бүжгийн маш сайн бэлтгэл хэрэгтэй. Ингэж байж л урлаг спорт хосолсон уран гулгалтыг эзэмшинэ дээ.

Хэрвээ манай оронд энэ спортыг хөгжүүлэх боломж гарвал өөрийн зүгээс мэдэж чадах бүхнээ зориулахад бэлэн байна.

-Та одоо ямар ажил хийдэг бэ?

-Би Япон хэлний багш орчуулагч мэргэжилтэй. Хэл бичгийн ухааны доктор. Орчуулгын онолын хүрээнд судалгаа явуулдаг. Одоо БСШУСЯ-ны ШУТИС-ын М-Jeed  “1000 инженер” төслийн Япон хэлний багшаар ажиллаж байна.

-Энэ спортод ингэтлээ дурлаж татагдсаны шалтгаан юу вэ?

-Ер нь ганц миний биш өндөр амжилтанд хүрсэн дэлхийн нэртэй уран гулгагчдын намтар, ном зохиолтой танилцаж байхад хувь хүн болж төлөвшихийн тулд ганцхан мэргэжилдээ сайн байх явдал биш юм. Хүн юунд сайн байна. Түүндээ өөрийгөө сорьж хүрээгээ тэлж хөгжүүлж байвал хүний оюуны болон биеийн чадвар сайжирдаг. Ийм байхад ямарваа зүйлийг олон янзын өнцөгөөс харах чадвартай болдог. Балет бол дэглэм тэсвэр хатуужлын урлаг. Хэрвээ би балетаар тодорхой хэмжээнд нухлуулаагүй байсан бол эрдэм судлалын ажилдаа амжилт гаргаж чадахгүй байсан байх. Эрдмийн ажил бичнэ гэдэг бас амаргүй даваа.

Шинэ шийдэл олох хэрэгтэй байдаг. Тэр нь олж харагдахгүй байх үе бий . Энэ бүхэнд балетаас сурсан тэсвэр хатуужил маань  их хэрэг болсон.

Хүмүүс шүүмжилж буруутгадаг л байсан. Тайзан дээр гарч гялалзахгүйгээс хойш юун уран гулгалт, балет. Ингэж өөрийгөө зовоох ямар хэрэг байна гэж. Гэхдээ хүсэл сонирхол хобби минь надад гайхалтай мэдрэмжийг өгдөг намайг эргүүлээд хөгжүүлдэг учраас би уран гулгалт балетад хайртай байдаг.

Ashgai Delgermaa-н зураг.

Мэдлэгийг өөртөө хадгалаад байх биш хуваалцах хэрэгтэй. Энэ мэдлэгээ бусадтай хуваалцах боломжийг олгосон ТВ5 телевизийнхээ уран бүтээлчдэд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Мөн надад балет хэмээх гайхамшигтай урлагийг заасан багш Д.Номин-Эрдэнэ, дүү Б.Цэцэгдарь нартаа маш их баярладаг. Намайг сонирхогч гэж гололгүй мэргэжлийн балет ийн элементүүдийг нарийн зааж өгсөн. Энэ хүмүүсийн ачаар би өнөөдөр уран гулгалт тайлбарлах хэмжээний мэдлэгтэй болсон юм гэдгээ бас давхар хэлмээр байна.

-Баярлалаа. Үзэгчдийнхээ өмнөөс танд ч гэсэн баярлалаа гэж хэлмээр байна.

- Баярлалаа.

 

 

 

Ashgai Delgermaa-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан