Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОХУ-ын нийслэл Москва хотноо “Транзит Монгол-2018” чуулган зохион байгуулна

  Б.Оюун 2018-04-16 792

Энэ сарын 17-19-ний өдрүүдэд манай хойд хөршийн нийслэл Москва хотноо “Транзит Russia” олон улсын тээвэр ложистикийн чуулган зохион байгуулах гэж байна. Чуулганд ОХУ, БНХАУ болон Монголын талууд оролцож, гурван улсын хэмжээнд тээвэр ложистикийн салбарт хийгдэж байгаа ажлууд, цаашдын бодлого төлөвлөгөө, гэрээ хэлцлүүдийн талаар хэлэлцэх юм. Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран “Транзит Монгол-2018” чуулган зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 Москва хотноо зохион байгуулах “Транзит Russia” олон улсын чуулганд гурван улсын зам тээврийн яам, төмөр замын байгууллагууд, тээвэр зуучлалын компаниуд, хил гаалийн албаныхан, нефть, нүүрсний салбарын төлөөлөл гэхчлэн олон талт албаны хүмүүс оролцох юм. Монголын талаас Москвагийн чуулганд авто тээвэр, төмөр зам, далайн тээврийн газар, агаарын тээвэр болоод тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд оролцоно. Москва хотноо болох олон улсын чуулганы хүрээнд Монголын тал өөрийн орны тээвэр ложистикийн салбарын үйл ажиллагаа, ололт амжилтыг харуулсан павильон гаргаж, танилцуулга хийх юм. Түүнчлэн “Транзит Монгол-2018” форум зохион байгуулж, энэ хүрээнд холбогдох албаныхан өөрийн салбарын үйл ажиллагааны талаар илтгэл тавин ярилцлага өрнүүлж, улмаар цаашдын үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор гэрээ хэлцлүүд хийхээр төлөвлөж байна.

            Москва хотноо болох арга хэмжээ нь Евразийн ачаа тээвэр, ложистикийн салбарын гол тоглогчид цугладаг гол талбар болж, энэ үеэр бүс нутгийн хүрээнд тээвэр ложистикийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны томоохон гэрээ хэлцлүүд хийгддэг юм.

2017 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо мөн гурван улсын хамтарсан чуулган амжилттай болж байжээ. Бээжинд болсон арга хэмжээний үеэр төмөр замын салбарын бодлого түлхүү яригдаж, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхжин, төмөр замаар нэвтрэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлсэн олон чухал шийдвэр гаргаж байжээ. Тухайлбал 2017 онд улс хоорондын транзит тээврийн эргэлт, хэмжээ эрс нэмэгдэж, 2016 онтой харьцуулахад 26,79%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө