Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үхсэн малын сэг зэмээс 20 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг

  Ч.Доржбат 2018-05-16 728

 2017 ОНЫ БАЙДЛААР МАНАЙ УЛСЫН МАЛ СҮРГИЙН ТОО ТОЛГОЙ 66.2 САЯ ХҮРЛЭЭ.

Гэвч 2018 он гарсаар эхний 4 сарын байдлаар 12 аймгийн 43 сум,  нийслэлийн нэг дүүрэгт  малын гоц халдварт  шүлхий өвчин гарлаа. Шүлхий өвчнийг анагаахын тулд харьяа яам, мал эмнэлэг үржлийн газар, орон нутгийн мал эмнэлгийн ажилчид гээд 3 мянга орчим хүн хүч ажиллажээ.Мөн гоц халдварт өвчнийг анагаахын тулд Улсын төсвөөс 7 тэрбум орчим төгрөгийн зардал гаргаж шүлхий өвчнийг дарж авлаа. Малын халдварт болон гоц халдварт өвчин гаарах болсон хэд хэдэн шалтгаан байна. Хаврын цагт малын шилжилт хөдөлгөөнөөс үүдэн өвчлөл дийлэнхдээ гардаг бол нөгөө талаараа малчдын хариуцлагагүй, хэнэггүй зангаас болж малын өвчин гардгийг мэргэжлийн байгууллагынхан хэллээ. Тухайлбал  Улаанбаатар хотоос гараад баруун аймгийн зүг явахад үхсэн малын сэг зэм замын хажуугаар багагүй харагдана. Турж эцэж онд орсон мал хаврын хавсрагатай үед бэлчээр дээрээ үхдэг. Үхсэн малынхаа сэг зэмийг  булж далдлан, өвчин гарахаас урьдчилан сэргийлэх үүрэг малчдад байдаг байна. Гэвч ихэнх малчин үхсэн малын сэг зэмээ хаяад явдгаас халдварт өвчин үүсэх нэг шалтгаан болон хувирчээ. Малын өвчин хурдацтай тархдаг учраас ганцхан малчны хариуцлаггүй үйлдлээс үүдэн бусад малчдын олон тооны мал хорогддогийг  мэргэжилтнүүд тогтоосон байна.

Бид сурвалжлагаа бэлтгэхээр Төв аймгийн Лүн, Баянхангай,  Булган аймгийн Баяннуур сумдын нутгаар явж малчдыг яагаад үхсэн малынхаа сэг зэмийг цэвэрлэдгүй учрыг тодрууллаа. Зарим малчдын хэлж байгаагаар малын мах авдаг ченж нар мал ачиж яваад үхсэн малыг зам дагуу хаяад явдаг гэжтайлбарллаа. Зарим малчид нь угаасаа цэвэрлэх нөөц боломж байхгүй сум орон нутаг хийх ёстой гэсэн ойлголттой байдаг байна.

Одоогоор бидний нүдэнд харагдаж байгаагаар Төв аймгийн Баянхангай, Лүн сумын зарим хэсэг,  Өвөрхангай аймгийн Бүрд, Баруунбаян-Улаан сумдын нутгаар төв зам дагуу болон малын бэлчээрт үхсэн малын сэг зэм ихтэй байна.

Төрөөс малаа эрүүл байлгах, малыг эрүүлжүүлэх гээд үндэсний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж Улсын төсвөөс ч багагүй хөрөнгө мөнгө гаргаж байна.Хамгийн ойрын жишээ гэхэд л ерөнхий сайд Говь-Алтай, Баянхонгор Өвөрхангай аймгуудад ажиллахдаа Монгол малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийг улс орон даяар эхлүүлж байгаагаа мэдэгдэж явлаа. Гэтэл бодит байдал дээр мал эрүүлжээд асуудал шийдэгдэх биш. Малын өвчин үүсэх шалтгаанаа хүн өөрөө хийгээд байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Үхсэн малын сэг зэмээ устгахгүй байгаа нь өвчин тархах гол шалтгаануудын нэг болоод байгааг энд дахин онцлоё.

Нэг тоо өгүүлье.Монгол улсын Засгийн газраас малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс 47.7 сая малыг 20 гаруй төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, 3 төрийн гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийж, үүнд төсвөөс 5.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Төр малаа эрүүл байлгахын тулд мөнгө зарцуулсаар байгаа юм. Харин хувь иргэн өөрийн малаа эрүүл байлгахын тулд өөрийн үүргээ давхар ухамсарлах ёстойг мал эмнэлэг үржлийн газрынхан хэллээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаал гарч Улсын хэмжээнд байгаа малын сэг зэмээ устгах үүрэг чиглэл өгсөн байна.

Мал янз бүрээр үхдэг. Тарга тэвээрэг муутай мал хаврын хавсарга дийлэлгүй унаад өгдөг. Чоно нохойд бариулдаг. Автомашинд өргүүлдэг гээд олон шалтгаан бий. Харин үхсэн малын сэг зэмээ устгаагүйгээс малын гоц халдварт шүлхий, боом, галзуу гээд 20 гаруй төрлийн өвчин гарах эрсдэл үүсгэдэг. 

Мөн сэг зэмээр хооллосон нохой шувуу бусад эрүүл газруудад өвчин тараагч болон хувирдаг байна. Тийм учраас мал яаж ч үхсэн бай малчид болон сум орон нутгийн байгууллагууд өөрсдийн малаа хамгаалахын тулд сэг зэмээ яаралтай устгаж байхыг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.

Өнөөдрийн онцлох сэдэв: "Үхсэн малын сэг зэмээс 20 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг" сурвалжлагыг 21 цагаас "Цаг" хөтөлбөрөөр дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй.  

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан