Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, БНАСАУ-ын тэргүүлэгчдийн уулзалт хугацаандаа болно гэдэгт Вашингтон итгэлтэй байна

  Б.Оюун 2018-05-17 861

Хойд Солонгосын тал АНУ болон Өмнөд Солонгосын талууд Солонгосын хойгийн бүс нутагт “Max thunder” гэсэн код нэрийн дор агаарын болоод тэнгисийн цэргийн хүчний хамтарсан цэргийн сургуулилт явуулж, Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт болоод удахгүй болох гэж байгаа Америк-Хойд Солонгосын тэргүүлэгчдийн дээд уулзалтаас өмнө бүс нутгийн энхийн асуудлаарх уулзалтын уур амьсгалыг эвдэж байгаад буруутгасан талаар бид үзэгч танд өчигдрийн интернэт мэдээгээрээ онцлон тойм мэдээлэл хүргэсэн...Тэгвэл энэ талаар АНУ-ын засгийн газар өөрийн байр сууриа илэрхийлж, ирэх 6-р сард Сингапурт явуулахаар төлөвлөөд байгаа Хойд Солонгос болон АНУ-ын тэргүүн нарын уулзалт төлөвлөгдсөн хугацаандаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерс мэдэгдэж, ерөнхийлөгч Трамп ирэх 6-р сарын 12-нд Сингапурт болох Пхеньян-Вашингтоны тэргүүн нарын уулзалтад оролцох болно гэдгийг батлан мэдэгджээ.

Лхагва гарагт Хойд Солонгосын тал Сөүл, Вашингтоны хамтран явуулж байгаа цэргийн сургуулилтад эгдүүцэн бухимдаж байгаагаа илэрхийлэн, Солонгосын хойгийн бүсэд улс орнууд хоорондоо нэгдэн цэргийн сургуулилт явуулж байгааг өдөөн хатгасан, санаатай үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Пхеньяны эрх баригчид ийнхүү мэдэгдэхдээ ирэх сард явуулахаар төлөвлөөд байгаа Хойд Солонгос болон Америкийн тэргүүлэгчдийн дээд уулзалтыг эргэн харж болзошгүйг ч үгүйсгээгүй байна.

Өмнөд Солонгос болон Америкийн талууд хамтран “Мах Thunder” гэсэн код нэрэн дор хамтарсан цэргийн сургуулилт явуулж байгаа юм. Энэхүү цэргийн сургуулилтад цэрэг байлдааны зориулалт бүхий 100-аад онгоц, тэр дундаа стратегийн B-52 бөмбөгдөгч онгоц, мөн F-22 Рептор-үл үзэгдэгч сөнөөгч онгоц оролцож байна.

Солонгосын хойгт энхтайван байдал тогтоох асуудлаар Хоёр Солонгосын тал ихээхэн хүчин чармайлт гаргаж, хамтарсан яриа хэлэлцээр явуулж байгааг үл харгалзан ийнхүү Вашингтон, Сөүлийн талууд хамтарсан байнгын цэргийн сургуулилтаа үргэлжлүүлсээр байгаад Пхеньян таагүй хандаж хамтарсан сургуулилтыг “гал дээр тос нэмсэн”, “өдөөн хатгасан”, “дайн тулаанд турхирсан”, “бүс нутгийн хямралыг дэвэргэсэн” алхам гэж үзэн бүх талаар эсэргүүцсэн.

Тэгвэл АНУ, Хойд Солонгосын энэхүү байр суурийг зөөллөхийн тулд ийнхүү яаралтай хариу мэдэгдэл хийж, АНУ-ын ерөнхийлөгч Трамп Сингапурын уулзалтад оролцож, Солонгосын хойгийн бүс нутгийн асуудал, Вашингтон-Пхеньяны харилцаа холбоо, олон улсын байр суурь, хүчин чармайлт, Хоёр Солонгосын дээд уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцэх болно гэдгийг Сара Сандерс мэдэгджээ.

Тэгвэл Хойд Солонгосын дээрх мэдэгдэл, байр суурийн талаар Цагаан ордны тэргүүн хөндөхдөө “бүхнийг цаг хугацаа харуулна” гэж цомхон хариулсан байна. АНУ-ын тал урьдын адил Солонгосын хойгийн бүс нутгийг цөмийн зэвсгээс ангид бүс нутаг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ талаар ирэх сард болох Сингапурын дээд уулзалтаар Пхеньяны талтай голчлон хэлэлцэх болно гэдгийг тодотгож байгаа юм.

Хойд Солонгосын эрх баригчид олон улсын нийгэмлэгтэй цаашид нээлттэй хамтран ажиллаж, гадаад харилцаагаа тэлж, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Үүнийхээ нотолгоо болгож, энэ сарын сүүлээр Пунгири дахь цөмийн полигоныхоо үйл ажиллагааг хааж, энэ үйл явцыг газар дээрээс нь ажиглах боломжийг олон улсын зэвсгийн шинжээчид, хэвлэл мэдээллийнхэнд олгоно гэж мэдэгдэж байсан.

Ийнхүү Хоёр Солонгосын хооронд Америк болон Өмнөд Солонгосын талуудын явуулж байгаа цэргийн нэгдсэн сургуулилтаас шалтгаалан дахин асуудал үүсч, Пхеньяны тал үүнтэй холбоотойгоор ирэх сарын 12-нд Сингапурт явуулахаар төлөвлөөд байгаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон АНУ-ын тэргүүн Дональд Трамп нарын уулзалтын хувь заяанд сөргөөр нөлөөлж болзошгүйг нь сануулсан бол Цагаан ордон яаралтай хариу мэдэгдэл хийж, хоёр улсын тэргүүний дээд уулзалтыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай алхам авч, харилцаагаа зөөллөхийг хүсч байгаа нь Сара Сандерсын мэдэгдлээс тодорхой болжээ

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан