Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Денис Тенийг 400,000 төгрөгийн төлөө хөнөөжээ

  TV5 News 2018-07-20 7297

Олимпийн хүрэл медальт Казахстаны уран гулгагч Денис Тен хулгайчдын гарт амиа алдсан балмад хэрэг спортын ертөнц, спорт сонирхогчдыг цочроолоо. Автомашиных нь толийг хулгайлах гэсэн хоёр этгээд тамирчны аминд хүрсэн байна. Цагдаагийн байгууллага хэргийг үйлдсэн хоёр этгээдийг нэгийг баривчилсан, хоёр дахь этгээдийг эрэн сурвалжилж байна. Казахстаны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Денис Тенийн автомашины толь хар зах дээр 400,000 төгрөгийн үнэд хүрэх гэнэ. Казахстаны уран гулгалтын спортын түүхэнд олон анхдагчийн гуншин зүүсэн нэрт тамирчинг  машины толины төлөө хөнөөжээ.

Денис Тенийн аминд хүрсэн хоёр этгээдийн хэн болохыг тогтоосон. Нэг этгээдийг нь баривчилсан, харин хоёр дахь этгээд болох 1994 онд төрсөн Кудайбергенов Арман Бурибаевич гэгчийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Казахстан улсын Эрүүгийн хуулийн дагуу бүлэглэн хүн амины хэрэг үйлдэж, оргон зайлсан зүйл ангиар 15-20 жилийн хорих ял, эсхүл бүх насаар нь хорих ял оноодог байна.

Алма-Аты хотын Цагдаагийн газраас мэдээлснээр, пүрэв гарагт орон нутгийн цагаар үдийн 15 цагт хоёр этгээд Денис Тенийн автомашины толийг хулгайлахыг завджээ. Тамирчин залуу тэдний үйлдлийг таслан зогсоох гэснээр, зодоон дэгдсэн байна. Энэ үеэр хулгай хийхийг завдсан хоёр этгээд хутга гарган, хүнд бэртэл учруулжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээгээр, хэргийн газарт 1*1.5 м талбайд цус асгарсан байжээ. Хэргийн газарт 3 литр цус алдсан. Их хэмжээний цус алдсан, мөн амин тус газартаа бэртэл авсан учир эмнэлэгт хүргэгдээд хоёр цагийн дараа амьсгал хураасан байна.

Тамирчны унаж байсан автомашин Lexus GX460 маркийн. Тус маркийн автомашины толь хар зах дээр дээд тал нь 160-180 ам.долларын үнэд хүрдэг байна. Харин хулгайчид үүнээс хоёр дахин хямд үнээр зардаг байна. Денис Тенийг 170 ам.доллар буюу ойролцоогоор 400,000 төгрөгийн төлөө аминд нь хүрчээ.

Казахстанд Lexus болон Toyota маркийн автомашин өргөн хэрэглэгддэг. Тиймээс эдгээр загварын автомашины эд анги, тэр дундаа толь зэргийг хулгайлах гэмт хэрэг ихээр гардаг байна.

Денис Тен 2006 онд мэргэжлийн карьераа эхлүүлжээ. 12 насандаа Казахстаны насанд хүрэгчдийн уран гулгалтын тэмцээнд оролцож, түрүүлсэн байна. Тэрээр Казахстан улсын Спортын гавъяат тамирчин байсан юм. Сочигийн өвлийн олимпийн хүрэл медальт, 2013 оны ДАШТ-ийн мөнгөн медаль, 2015 оны ДАШТ-ийн хүрэл медальт. Олон улсын тэшүүрчдийн холбооны нэрэмжит олон улсын олон тэмцээн уралдаанд түрүүлж байжээ. Денис Тен нь уран гулгалтын үндэсний таван удаагийн аварга юм. Казахстаны Урлаг, Спортын их сургуулийг улаан дипломтойгоор төгссөн. Сэргэлэн, олон талын мэдлэгтэй, бусадтай эелдэг тусч нэгэн байсан гэж ойр дотныхон нь төдийгүй уран гулгалтын ертөнцийнхөн дурсаж байна.

Денис Тен нь тусгаар тогтносон Казахстан улсын түүхэнд Олимп, ДАШТ, тивийн АШТ, өвлийн универсиад наадам, Азийн наадам, Уран гулгалтын гран при тэмцээнээс бүгдээс нь медаль хүртсэн цорын ганц тамирчин юм. Мөн “бильман” эргэлт гүйцэтгэдэг цөөн эрэгтэй уран гулгагчдын нэг байжээ.

Тен нь 2010 оны Ванкуверын өвлийн олимпийн наадамд 16 насандаа оролцож, цасан цагаан олимпийн түүхэнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн хамгийн залуу тамирчин болж байсан юм. Мөн Олимпийн финалын тэмцээнд шалгарсан Казахстан улсын анхны ганцаарчилсан төрлийн уран гулгагч. Денис Тен нь 2013 оноос “Денис Тен болон түүний нөхөд” мөсөн дээрх шоу зохион байгуулж, уран гулгалтын ертөнцийн дэлхийн оддыг нэгэн талбайд цуглуулдаг байсан юм. Мөсөн дээрх шоуг үзэхийн тулд жилд хилийн чанадаас 500 гаруй спорт сонирхогч зорин ирдэг байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө