Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АФРИКИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ТЭРБУМТАН ТАНЗАНИД ХУЛГАЙЛАГДЖЭЭ

  М.Даваадулам 2018-10-12 1091

Африк тивийн хамгийн залуу тэрбумтан Мохаммед Девжи Танзанид хулгайлагджээ. Танзанийн хамгийн том хот, эдийн засгийн төв Дар-эс-Салам хотод 43 настай бизнесмэнийг өглөөний дасгалаа хийхээр явж байхад нь баг зүүсэн хоёр этгээд хулгайлсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага гурван этгээдийг баривчлан саатуулсан ч, тэдгээр нь энэ хэрэгтэй чухам холбоотой эсэх тодорхойгүй байна.

 Мохаммед Девжи баасан гарагийн өглөө Дар-эс-Салам хотын тансаг зэрэглэлийн зочид буудлын бялдаржуулах танхим руу явж байхдаа ийнхүү хулгайлагджээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээгээр хулгайсан хоёр этгээд цагаан арьстай, гадаадын иргэд байсан гэнэ. Хулгайн сэдэл одоогоор тодорхойгүй байна.

Мохаммед Девжи нь Африк тивийн хамгийн залуу тэрбумтан. Forbes сэтгүүл түүнийг хөрөнгийг 1.5 тэрбум ам.доллар гэж тооцоолсон. Мөн Танзани улсын цорын ганц тэрбумтан юм.

2016 онд Мохаммед Девжи өөрийн хөрөнгийн тал хувийг буяны үйл хэрэгт зарцуулахаа мэдэгдэж байжээ.

Танзаничууд дунд “Мо” гэх нэрээрээ алдарсан Мохаммед Девжи нь гэр бүлийн бизнесээ өргөжүүлэн, Африк тив даяар салбартай бөөний болон жижиглэнгийн худалдааны сүлжээ бий болгожээ.

Девжигийн METL компани нь мөн бөс даавуу, гурил, ундаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Африкийн 11 улсад салбар үйлдвэртэй юм байна.

Мохаммед Девжигийн дотны найз Танзани улсын Байгаль орчны сайд Жэньюари Макамба өөрийн твиттер хуудсандаа Девжигийн гэр бүлтэй ярьсан, түүнийг хулгайлсан гэж жиргэжээ.

Хэргийн газрын гэрчүүдийн хэлснээр, хулгайлсан этгээдүүд эхлээд агаарт хэд хэдэн удаа хий бууджээ. Девжи бие хамгаалагчгүй, ганцаараа бялдаржуулах танхимд ирсэн гэж түүний фитнесийн дасгалжуулагч мэдүүлсэн байна. Мөн хулгайлсан хоёр этгээд цагаан арьстнууд байсан гэжээ.

Танзани улсын цорын ганц тэрбумтныг эрж хайх ажиллагаанд улс даяарх цагдаа, хууль хяналтын байгууллагын алба хаагчид нэгдэн ажиллаж байгаа талаар Танзанийн Цагдаагийн газраас мэдээллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө